- Тэрбумтан Жэнни Жаст хувьцааны зах зээлийн тодорхойгүй, савалгаатай байдлыг сорилт төдийгүй боломж гэж харахыг гарааны бизнес эрхлэгчдэд уриаллаа.
- Жаст зах зээлийн ийм нөхцөл байдал нь шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст хөрөнгө босгоход хэцүү үе хэдий ч, боломжоо зөв үнэлж, аль болох өөрийн хүчээр, хэмнэлттэйгээр урагшлахыг зөвлөсөн байна.
- “Эрсдэлтэй үед гаднын хөрөнгө оруулалт авах гэж яарахаас илүүтэйгээр, эхний шатанд өөрөө бие даан, боломжоороо ажиллаж үзэх нь илүү өгөөжтэй байж мэднэ” хэмээжээ.

АНУ-ын өөрийн хүчээр амжилтад хүрсэн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг, “Peak6 Investments” компанийн хамтран үүсгэн байгуулагч тэрбумтан Жэнни Жаст хувьцааны зах зээлийн тодорхойгүй, савалгаатай байдлыг сорилт төдийгүй боломж гэж харахыг гарааны бизнес эрхлэгчдэд уриаллаа. Тэрбээр CNBC-ийн 2025 оны “Changemakers” чуулганд оролцох үеэрээ энэ байр сууриа илэрхийлсэн юм.
Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Трампын шинэ тарифын бодлогоос үүдэн хөрөнгийн зах зээл огцом уналттай байв. Dow Jones индекс 4,500 гаруй нэгжээр, S&P 500 12 хувиар, Nasdaq 13 хувиар тус тус буурсан нь цар тахлын үеэс хойших хамгийн том алдагдалд тооцогдож байна.
Тэгвэл Жаст зах зээлийн ийм нөхцөл байдал нь шинээр бизнес эхлүүлж буй хүмүүст хөрөнгө босгоход хэцүү үе хэдий ч, боломжоо зөв үнэлж, аль болох өөрийн хүчээр, хэмнэлттэйгээр урагшлахыг зөвлөлөө. “Эрсдэлтэй үед гаднын хөрөнгө оруулалт авах гэж яарахаас илүүтэйгээр, эхний шатанд өөрөө бие даан, боломжоороо ажиллаж үзэх нь илүү өгөөжтэй байж мэднэ” хэмээжээ.
Жаст өөрөө хамтрагчтайгаа “Peak6”-ийг ердөө 1.5 сая ам.долларын санхүүжилтээр эхлүүлж, дахин хөрөнгө босголгүйгээр бүх үйл ажиллагаагаа өөрсдийн хүчээр санхүүжүүлж чадсан туршлагаасаа хуваалцсан байна. Энэ нь олон бизнесийн хувьд боломжгүй зүйл байж болох ч, зарим тохиолдолд хэрэгжих бүрэн боломжтой арга гэдгийг онцолжээ.
Тэр мөн “Сорилт бол шинэ арга ухаан сийлэх, асуудлыг шинэлэг байдлаар шийдэх боломж” хэмээгээд, богино хугацааны саад бэрхшээлд шантрахгүй байхыг энтрепренерүүдэд уриаллаа.