bnr-0
Монгол эрчүүдийн сарын дундаж орлого 2.8 сая төгрөг
03 сарын 18, 2025
ХУВААЛЦАХ
  • Хөдөлмөрийн насны эрчүүдийн 67.4% нь ажил эрхэлж байгаа бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн 57.7% нь эрэгтэйчүүд байна.
  • Нарийн мэргэшил шаардсан шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд, мөн мэс заслын эмч, чадварлаг гагнуурчин, тооцооллын инженерүүд, код бичигчид, нэрд гарсан хөгжмийн зохиолчид, үнэлгээ өндөртэй чадварлаг хуульчдын 80 гаран хувь нь эрэгтэйчүүд байдаг байна.
  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байгаа ажиллагсадын 89 хувь нь эрэгтэйчүүд байдаг бөгөөд тэдний сарын цалин ойролцойгоор 5 сая төгрөг байгаа нь харьцангуй өндөр орлогод тооцогдож байгаа бол ер нь эрэгтэйчүүдийн сарын дундаж цалин 2.8 сая төгрөг байна.

Монгол Улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрчүүд байна. 2024 онд төрсөн хүүхдүүдийн 51.4 хувь нь хүү байв. Эрчүүдийн дундаж наслалт 67, хамгийн өндөр настай нь 105 байна. Төрөхдөө эрэгтэйчүүд олон байдаг ч амьдралын явцад эмэгтэйчүүдтэй харьцуулахад тэд эндэх нь их байдаг байна.

Хөдөлмөр эрхлэлт, боловсролын байдлаар эрчүүдийн эзлэх хувь:

Цэцэрлэгт хамрагдалт: 51%

ЕБС-д: 50%

Техник, мэргэжлийн боловсрол: 65%

Их, дээд боловсрол: 39%-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Оюутнуудын 60 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас шалтгаалан боловсролын ялгаатай байдал, орлогын тэгш бус байдал зэргээс шалтгаалан гэрлэх насанд эмэгтэйчүүдэд нөхөр олдохгүй байна гэдэг хандлага сүүлийн 10  жилд илүүтэй манай нийгэмд гарах болжээ.

Хөдөлмөрийн насны эрчүүдийн 67.4% нь ажил эрхэлж байгаа бол аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн 57.7% нь эрэгтэйчүүд байна. Харин 55.8% нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Монгол Улсад сүүлийн таван жилд удирдах албан тушаалд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирснээр жендерийн тэгш байдал хангагдаж байгаа орнуудын тэргүүн эгнээнд жагсдаг.

Эрэгтэйчүүдийн голлон ажилладаг салбарууд:

Уул уурхай, олборлолт: 88.9%

Барилга: 86.0%

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа: 84.6%

Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага: 80.7%

Цахилгаан, ус, хий, агааржуулалт: 71.6%

Газар тариалан, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур: 68.9%

Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа: 64.9%

Урлаг, үзвэр, тоглоом наадам: 59.1%

Хөдөө аж ахуй: 58.9%

Төрийн удирдлага, батлан хамгаалах, албан үйлчилгээ: 57.8%

Монгол эрчүүдийн дундаж цалин 2.8 сая төгрөг байна.

Манай улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн наслалтын дундаж зөрүү 8 жил. Амьдралын явцад эмэгтэйчүүд эрүүл мэндийн үйлчилгээ их авдаг. Харин 60-аас дээш насанд эрэгтэйчүүдийн өвчлөл өндөр байдаг байна. Манай эрэгтэйчүүдийн нийтлэг тулгамдсан асуудал эрүүл мэндийн боловсролыг сайжруулах гэж дүгнэж болно. Харин сайн мэдээ нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт 2000 оныхтой харьцуулахад даруй 5 жилээр уртасжээ. Мөн цэргийн алба хаасан эрэгтэйчүүд шийдвэр гаргахдаа илүү нухацтай, гэр бүл салалтын хувь цэрэгт яваагүй эрэгтэйчүүдээс 8 хувь доогуур байдаг гэсэн баримтыг танилцуулж байсан. 

Эрэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр Бат-Эрдэнэ, Билгүүн, Төгөлдөр байдаг байна.  

mobile-logo