bnr-0
Хүүхэд багадаа сайн уншиж сурах нь ирээдүйн амжилтын үндэс
04 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • Судалгаанаас харахад бага ангидаа сайн уншиж сурах нь илүү амжилттай суралцаж, сайн ажил эрхэлж, өндөр орлоготой байх магадлалыг нэмэгдүүлдэг.
  • Халуун дулаанаар харилцан ярих нь хэл ярианы суурь тавьж, тархины хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг байна. 
  • Хүүхдүүддээ үсгийг зүгээр нэрлэх бус гадна дуудлагыг нь давхар хэлж өгөх нь хурдан сурахад тусладаг.
Энгийн бөгөөд тогтмол дадал нь хүүхдийн хэл яриа, унших чадварыг байнга хөгжүүлж, ирээдүйн боловсролын болон амьдралын амжилтынх нь бат бэх суурийг тавьж өгдөг

Хүүхдээ уншиж сурахад дэмжих нь тэдний ирээдүйн амжилтын үндэс болдог. Судалгаанаас харахад бага ангидаа сайн уншиж сурсан хүүхдүүд илүү амжилттай суралцаж, сайн ажил эрхэлж, өндөр орлоготой байх магадлалтай байдаг аж.

Гэхдээ унших чадварыг зөвхөн оройн унтлагын номоор бус, өдөр тутмын амьдралын энгийн үйл явдлаар ч хөгжүүлж болдог байна. Унших дуртай, сайн уншдаг хүүхэд өсгөж буй эцэг эхчүүдийн нийтлэг таван дадлыг хүргэж байна.

1. Хүүхдийн шулганааг жинхэнэ яриа гэж хүлээн авч хариу өгдөг

Хүүхэд нь бувтнаж, юу гэж байгаа нь мэдэгдэхгүй авиагаар ярихад эцэг эхчүүд инээмсэглэж, нүд рүү нь харж байгаад жинхэнэ үгээр харилцан яриа өрнүүлдэг аж. Ийм энгийн боловч халуун дулаанаар харилцан ярих нь хэл ярианы суурь тавьж, тархины хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг байна. 

2. Асуулт асууж, хариулах хугацааг нь өгдөг

“Энэ юу вэ?”, “Тэр юу байна?”, “Энэ хуудсыг эргүүлэх үү?” гэх мэт энгийн асуултуудыг тогтмол тавьж, хүүхдийн хариултыг тайван хүлээдэг. Энэ нь хүүхдийн үгийн баялаг, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг хэмээв.

3. Үсгийг зөвхөн нэрээр нь бус, авиагаар нь танилцуулдаг

Тэд хүүхдүүддээ үсгийг ном, тоглоом эсвэл гудамжны самбар дээрээс харуулахдаа зүгээр нэрлэх бус дуудлагыг нь давхар хэлж өгдөг байна. Жишээ нь: “Энэ бол “Б” үсэг. “Бээ” гэж дуугардаг. Бөмбөг гэхэд ордог эхний үсэг” гэх мэтээр тайлбарладаг байна. 

4. Үгээр тоглодог

Шүлэг, дуу, түргэн хэллэг, хөгжилтэй үгс зэрэг нь хүүхдийн авиа таних, ялгах, нийлүүлэх зэрэг уншихад шаардлагатай сонсголын чадварыг хөгжүүлдэг.

5. Өдөр тутамд, хаана ч уншдаг

Сайн уншиж сурсан хүүхдүүдийн эцэг эхчүүд зөвхөн орой л ном уншиж өгдөггүй. Тэд хоол идэж байхдаа, машинд, дэлгүүрт гээд цаг бүрийг ашиглан ном, бичвэр уншиж, хүүхдийнхээ хэл ярианы чадварыг хөгжүүлдэг. Гудамжны тэмдэг, зарлалын самбар ч хүүхдэд унших сонирхол төрүүлэх боломжтой. 

Эдгээр энгийн бөгөөд тогтмол дадал нь хүүхдийн хэл яриа, унших чадварыг байнга хөгжүүлж, ирээдүйн боловсролын болон амьдралын амжилтынх нь бат бэх суурийг тавьж өгдөг аж.   

mobile-logo