- 2024 онд бизнес, буяны салбарт бодит нөлөө үзүүлсэн эмэгтэй манлайлагчдыг “CNBC Changemakers” жагсаалт нэрлэв.
- Уг жагсаалтад орсон компанийн үнэлгээ нийт 400 тэрбум ам.долларт хүрчээ.
- Шинэ бүтээгдэхүүн, хиймэл оюун ухаан, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд зэрэг салбарт дорвитой өөрчлөлт авчирсан байна.

CNBC хоёр дахь удаагийн “Changemakers” жагсаалтаар бизнес болон нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй эмэгтэй удирдагчдыг алдаршууллаа. Уг жагсаалтад олон нийтэд хэдийнэ танигдсан Парис Хилтон, Женнифер Гарнер зэрэг нэрс багтсан ч тэд шинэ чиглэл, санаачилгаар тодорч байна. Мөн хиймэл оюун ухаан, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй өргөн хүрээнд танигдаагүй ч шийдэл нь олон нийтэд үр нөлөөтэй олон шинэ манлайлагч багтжээ.
Нийт 14 салбарын 50 гаруй эмэгтэйн нэрийг багтаасан энэ жагсаалтад гарааны 12 компанийн үүсгэн байгуулагч багтсан ба тэдгээр компанийн нийт үнэлгээ 11 тэрбум ам.доллараас давсан байна. Харин олон нийтэд хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг есөн компанийн гүйцэтгэх захирал нийлээд 385 тэрбум ам.долларын үнэлгээтэй бизнес удирдаж байна.
Эмэгтэй удирдагчдын шийдэл нь зөвхөн ашиг хөөцөлдөхөөс гадна нийгмийн сайн сайханд чиглэж буйг CNBC онцоллоо. Жишээ нь, Cityblock Health-ийн гүйцэтгэх захирал Тойин Ажай орлого багатай иргэдэд эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага үүсгэн байгуулж тогтвортой өсөлтийг хангаж байна. “The Honest Company”-ийн захирал Карла Вернон байгальд ээлтэй хүүхдийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглээнд хүргэхийг зорьж байгаа бол “Skims” болон “Good American”-ийн хамтран үүсгэн байгуулагч Эмма Грид хар арьст бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг дэлгүүрийн бодлогодоо шингээж байна.
Мөн олон эмэгтэй өөрийнх нь биеийн онцлог, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг шийдэхээр бизнес эхлүүлжээ. Жишээ нь, Оскарын шагналт жүжигчин Наоми Уоттсын байгуулсан “Stripes Beauty” нь цэвэршилтийн үеийн арчилгааг илүү нээлттэй, шинжлэх ухаанч байдлаар хүргэхийг зорьдог. Харин “Midi Health”-ийг үүсгэн байгуулсан Жоанна Стробер 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд зориулсан виртуал клиникийг нэвтрүүлжээ.
Хиймэл оюун ухааны салбарт ч эмэгтэй манлайлагчид хүч түрэн орж ирлээ. Google DeepMind-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Лила Ибрахим хиймэл оюуныг аюулгүй, нийгэмд ашигтайгаар ашиглахыг эрмэлзэж байгаа бол Accenture компанийн хиймэл оюуны салбарын захирал Лан Гуан 2024 онд байгууллагынхаа түүхэнд хамгийн хурдтай өсөн нэмэгдсэн шинэ технологийн бизнесийг удирдахын зэрэгцээ 3 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.
Эл жагсаалтад багтсан 30 гаруй эмэгтэй удирдагчийн ажилтнуудын талаас дээш хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эмэгтэй манлайлал илүү хүртээмжтэй, олон талт байдлыг дэмждэг гэдгийг харуулж байна. Тухайлбал, Taylor Morrison компанийн захирал Шерил Палмер АНУ-ын барилгын салбарт ганц эмэгтэй захирлын хувиар ажиллаж байгаа бөгөөд түүний компанийн ажиллах хүчний 44 хувь нь эмэгтэйчүүд болсон нь салбарын дунджаас 4 дахин өндөр үзүүлэлт юм.
Ийнхүү эдгээр манлайлагчид бэрхшээл, хязгаарлалтыг даван гарч, бизнесийн амжилт, нийгмийн өөрчлөлтийг зэрэг авчирч чаджээ. Changemakers жагсаалтын албан ёсны арга хэмжээ энэ сарын 8-нд Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан юм.