- Уул уурхайн биржийн тухай хуулийг эргүүлэн татаж, илүү боловсронгуй болгож дахин оруулж ирнэ.
- Уг хуулийг төслийг энэ пүрэв гарагт УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байсан юм.
- Уул уурхайн биржийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Агентлаг байгуулах тухай хуулийн төсөл, мөн уг асуудлаар зохицуулж байгаа хэд хэдэн зүйлүүдийг салгаж, томьёолж оруулж ирэх нь зүйтэй гэж үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ пүрэв гарагт дахин хэлэлцэхээр шийдвэрлээд байсан юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар бүлгийн ээлжит хуралдааны үеэр, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүд байгаа. Тухайлбал, Агентлаг байгуулах тухай хуулийн төсөл, мөн уг асуудлаар зохицуулж байгаа хэд хэдэн зүйлүүдийг салгаж, томьёолж оруулж ирэх нь зүйтэй. Уул уурхайн биржийн тухай хуулийг оруулж ирэхдээ зохицуулалтын хувьд ялгаатай, зохицуулах шаардлагатай шаардлагууд байна гэдэг зүйлийг олон гишүүд гаргасан учраас Монгол Улсын Засгийн газар Уул уурхайн биржийн тухай хуулийг эргүүлэн татаж, илүү боловсронгуй болгож дахин оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн” гэв.