bnr-0
Ерөнхий сайд: Засгийн газар эдийн засагт өгөөжтэй санаачилгыг дэмжих механизмыг бүрдүүлэх болно
04 сарын 22, 2025
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал Монголын экспорт, төсөвт дарамт үзүүлж байна.
  • Эрчим хүчний хуульд 270 гаруй санал ирж, хуулийн шинэчлэлд нэг цонхны тогтолцоог дэмжжээ.
  • Засгийн газар хувийн хэвшлийн төслийг дэмжих механизмыг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэв.
Хувийн хэвшлээс хэрэгжүүлэх төслүүдийн талаар цаашид Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлаар илүү өргөн хүрээнд хэлэлцэж, эдийн засагт шууд үр өгөөжтэй санаачилгыг дэмжих тусгай механизмыг Засгийн газар боловсруулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дэлхийн эдийн засгийн эрсдэлийг хэрхэн даван туулах, эрчим хүчний салбарын хууль эрх зүйн шинэчлэл, төсвийн орлогын уналтад хэрхэн хариу өгөх талаар хэлэлцлээ. Хуралдааны үеэр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагыг Ерөнхий сайд тодорхой дурдаж, “Энэ бол өнөөдрийн нөхцөлд зайлшгүй алхам” гэж онцлов.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр дэлхийн эдийн засагт үүссэн тодорхой бус байдлын талаар танилцуулахдаа, энэхүү үзүүлэлт 53 нэгжид хүрч, цар тахлын үеийн 56 нэгжийн дараа хоёр дахь өндөр түвшинд хүрээд байгааг анхааруулсан юм. АНУ-ын сонгуулийн үр дүн, геополитикийн эрсдэл болон худалдааны маргаан энэхүү өсөлтөд голлон нөлөөлж буйг тэрбээр тэмдэглэв.

Азийн хөгжлийн банкны тооцоогоор 2025-2026 онуудад дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, БНХАУ-ын өсөлт ч мөн хасах үзүүлэлттэй байхаар байна. Энэ нь экспортод суурилсан Монголын төсөвт шууд дарамт үзүүлж байгааг хуралдаанд онцолж, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг шинэчилж, “Алт” хөтөлбөрийг эрчимжүүлэх, Хөгжлийн банкийг экспорт, импортын чиглэлийн банк болгон өөрчлөх зэрэг бодлогын арга хэмжээг санал болголоо.

Энэ хүрээнд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа нь дотоодын зах зээлээ өргөжүүлэх, шинэ боломж нээх нэг арга зам гэж Засгийн газар үзэж байна. Гэвч энэ бүгдийн хажуугаар экспортын орлого огцом буурсан байна. Тухайлбал, нүүрсний үнэ 38 хувиар унасан ч экспортын хэмжээ хэвээр хадгалагдаж, зэсийн баяжмалын орлого өссөн дүнтэй гарсан байна. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн ч орлогын уналтыг нөхөхөд хангалтгүй байгаа нь илт болжээ.

Эрчим хүчний дэд зөвлөлийн гишүүн Б.Баатармөнхийн мэдээлснээр, Эрчим хүчний болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд 270 гаруй санал ирүүлжээ. Эдгээрээс “нэг цонхны үйлчилгээ” нэвтрүүлэх, хэрэглэгчийн ангиллыг тодорхой болгох, гэрчилгээжүүлэлтийн систем бий болгох зэрэг 12 гол санал бодитой дэвшжээ.

Ерөнхий сайдын хувьд эрчим хүчний салбарт ойлголтын зөрүү, хууль хоорондын давхардлыг арилгахын зэрэгцээ хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, эрх зүйн орчныг уялдуулах чиглэл өгсөн юм. Цар тахал, геополитик, худалдааны хямрал зэргийг ижил түвшний сорилт хэмээн үзэж, эдгээрийг хамтын ажиллагаагаар л даван туулна гэдгийг тэрээр тодотгов.

 

Ийнхүү цаашид Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурлуудад хувийн хэвшлээс хэрэгжүүлэх төслүүдийн талаар илүү өргөн хүрээнд хэлэлцэж, эдийн засагт шууд үр өгөөжтэй санаачилгыг дэмжих тусгай механизмыг Засгийн газар боловсруулна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

mobile-logo