bnr-0
Хотын 2025 оны төсөв батлагдлаа
12 сарын 04, 2024
ХУВААЛЦАХ
  • Нийслэлийн төсвийн орлого 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь татварын орлого, үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлнэ.
  • Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж, үүний ихэнхийг татварын орлогоос бүрдүүлнэ.
  • Төсвийн хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа явуулж, хамаг асуудал нь хуримтлагдаад байгаа хотын “асуудлыг” хэлэлцэхэд манай, танай нам гэлгүй, аль чухалд нь хөрөнгөө хуваарилах мөн татварын зарим шинэчлэлийг зоригтой хийх зарчим баримталсан аж.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал өнөөдөр /2024.12.04/ хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа.

Төсвийг батлахдаа эхлээд хотын иргэдээс санал авч, хамгийн олон хүн саналаа өгсөн асуудлыг нэн түрүүнд төсвийг нь шийдвэрлэх байдлаар эрэмбэлэж, зайлшгүй гарах тогтмол зардлуудын удаад байрлуулсан байна. 

Төсвийн хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа явуулж, хамаг асуудал нь хуримтлагдаад байгаа хотын “асуудлыг” хэлэлцэхэд манай, танай нам гэлгүй, аль чухалд нь хөрөнгөө хуваарилах мөн татварын зарим шинэчлэлийг зоригтой хийх зарчим баримталсан аж.

НИТХ-д хотын дарга Х.Нямбаатар 2025 оны төсвийн төслийг танилцуулахдаа "Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон. 

 Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өнгөрсөн оноос 648 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30.4 хувиар өссөн дүнтэй байна. Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум, Хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, Татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.

 Нийслэлийн төсвийн орлого 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь татварын орлого, үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлнэ.

 Нийт 1.3 их наяд төгрөгийг урсгалд зардалд, 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14.1 тэрбумыг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт зориулна. 2025 оны төсвийн хөрөнгөөр 4.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгөөр шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжих 68 төсөл, дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ.

Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.   

mobile-logo