- 500 хүний суудалтай цогцолборын барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
- Хөлбөмбөг, гүйлт, сагсан бөмбөг, теннис зэрэг спортын талбайг багтаасан.
- Олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтойгоор дэд бүтцийг бүрэн шийдсэн.

Сонгинохайрхан дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй спортын иж бүрэн цогцолборын ажил энэ оны эхний хагаст багтаж дуусах төлөвтэй байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй уг төсөл өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Аглут” компани ажиллаж байна.
Уг цогцолбор нь нийслэлийн баруун бүсэд шинээр сүндэрлэж буй томоохон спортын бүтээн байгуулалт юм. 500 хүний суудалтай үндсэн хэсгээс гадна олон улсын жишигт нийцсэн хөлбөмбөгийн талбай, зургаан эгнээ бүхий гүйлтийн зам, 3х3 сагсан бөмбөгийн хоёр талбай, талбайн теннис, чийрэгжүүлэлтийн орчин, хүүхдийн тоглоомын хэсэг, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэргийг багтаажээ. Тус цогцолборын газрыг 2021 онд чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.
Энэ цогцолбор нь зөвхөн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин төдийгүй спортын мэргэжлийн сургуулилт, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Сагсан бөмбөг, хөлбөмбөгийн талбайнууд стандарт хэмжээнд баригдаж байгаа нь сургалтын болон тэмцээний зориулалтаар ашиглах нөхцөлийг хангажээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын мэдээлснээр, уг цогцолбор нь Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд баригдаж буй хоёр дахь том спортын байгууламж болж буйгаараа онцлогтой. Түүнчлэн энэ нь зөвхөн дүүргийн хэмжээнд бус, бүс нутгийн болон олон улсын чанартай спортын арга хэмжээ зохион байгуулах бүрэн боломжийг бүрдүүлсэн гэв.
Цогцолборын дэд бүтцийг иж бүрнээр нь төлөвлөсөн нь ирээдүйд олон нийтийн болон мэргэжлийн спортыг хөгжүүлэх суурь нөхцөл болж байгаа юм. Ариун цэврийн өрөө, хувцас солих болон дасгалжуулагч, тамирчдад зориулсан өрөө, хурлын танхим, зохион байгуулалтын зориулалттай хэсгүүдийг багтаасан дотоод зохион байгуулалт нь ирээдүйд олон төрлийн спортын тэмцээн хүлээн авах чадамжийг улам нэмэгдүүлж байна.