- ICE U.S. Dollar Index 97.92 нэгжид хүрч, 2022 оноос хойших хамгийн доод түвшинд хүрэв.
- Дональд Трамп Жером Пауэллыг дахин шүүмжилж, Төв банкны бие даасан байдалд эргэлзээ төрүүллээ.
- Еврогийн ханш 1.3% өсөж, долларын уналт дэлхийн зах зээлд хөрөнгө татах сонирхлыг бууруулж байна.

АНУ-ын долларын ханш дэлхийн валютын зах зээлд дахин суларч, 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага түвшинд хүрлээ. Төв банкны бие даасан байдалд халдсан шинжтэй Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдэл, Холбооны Нөөцийн тэргүүнд хаягласан шүүмжлэл нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам сулруулж байна.
FactSet-ийн мэдээллээр голлох валютуудын эсрэг долларын ханшийг илэрхийлдэг ICE U.S. Dollar Index даваа гарагт 97.92 нэгжид хүрсэн нь сүүлийн гурван жилд байгаагүй уналт болжээ. Индекс өдөртөө 1 хувиар буурч, 98.38 дээр хаагдсан байна.
2025 оны нэгдүгээр сард Трамп дахин Ерөнхийлөгчөөр тангараг өргөөд удаагүй байхад долларын ханш ийнхүү буурч байгаа нь тарифын бодлоготой шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна. Тарифын шинэчлэл дөрөвдүгээр сарын 2-нд хэрэгжиж эхэлснээс хойш валютын зах зээл илт савлаж эхэлсэн бол Ерөнхийлөгч Трампын Холбооны Нөөцийн Тэргүүн Жером Пауэллийг огцруулах тухай мэдэгдэл нь хөрөнгө оруулагчдад улам их эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэв.
Трамп өөрийн Truth Social-д нийтэлсэн постондоо Пауэллийг “хэт хоцордог ноёнтон”, “том алдаа” хэмээн нэрлэж, түүнийг шүүмжилсэн нь зах зээлийн эмзэг байдлыг улам өдөөжээ. Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Кевин Хассет хүртэл Ерөнхийлөгч Төв банкны удирдлагыг өөрчлөх боломжийг судалж байгааг хүлээн зөвшөөрсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдыг доллараар илэрхийлэгддэг хөрөнгөөс холдуулж байна.
Evercore ISI компанийн дэд ерөнхийлөгч Кришна Гуха CNBC-д өгсөн ярилцлагадаа “Эдийн засгийн бодлогын шийдвэр гаргалтад итгэх итгэл суларч, урт хугацаат бондын өгөөж өсөж байгаа ч, долларын уналт нь хөрөнгө гадагшилж байгааг илтгэж байна” хэмээв.
Piper Sandler компанийн АНУ-ын бодлогын хэлтсийн дарга Энди Лаперриер мөн “Трамп тогтсон институцийн зарчмыг эвдэх сонирхлоо ил тод илэрхийлж байна. Тарифын нөлөөг тооцоололгүй хөрөнгө оруулагчид алдаа гаргасан. Үүнтэй адилаар, Трампын Пауэллд хаягласан мэдэгдлийг үл тоомсорлох нь ч мөн том алдаа болох эрсдэлтэй” гэж анхааруулжээ.
Сүүлийн арван жилд АНУ-ын эдийн засгийн өсөлт, Төв банкны бодлого дэлхий дахинд долларын үнэ цэнийг тогтвортой барьж ирсэн бол харин одоо хөрөнгө оруулагчдын хандлага эрс өөрчлөгдөж байна. Хамгийн сүүлийн байдлаар еврогийн ханш 1.3 хувиар өсөж, Японы иен болон Швейцарын франк ч мөн адил хүчтэй байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдэл багатай валют руу шилжиж байгааг харуулж байна.