- Жимс, самар, ханаагүй тос, сүүн бүтээгдэхүүн урт наслалтад хамгийн тустай хүнсээр тодорлоо.
- Газар дундын тэнгис орчмын иргэдийн дэглэмд ургамлын гаралтай хүнс давамгайлдаг.
- Хоолны зөв сонголт нь хүний амьдралын чанарт нөлөөлдөг байна.

Испанийн Мадрид хотод байдаг Автоном Их сургуулийн эрдэмтэд урт наслахад шууд хамааралтай дөрвөн төрлийн хүнсийг тодруулсан судалгаа нийтэллээ. Судалгаанд 2008-2010 онд хамрагдсан 11 мянга гаруй хүнийг 14 жилийн турш ажиглаж, хүнсний хэрэглээ, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлж буй нөлөөг хослуулан шинжилжээ. Үүний үр дүнд жимс, самар, ханаагүй тос, сүүн бүтээгдэхүүн нь урт наслах магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг болохыг баталсан байна.
1. Эхний эгнээнд жимс орсон бөгөөд судлаачдын хэлж буйгаар өдөр бүр 2-5 порц жимс, ногоо хэрэглэх нь дархлааны тогтолцоог бэхжүүлж, эсийн гэмтэл, үрэвсэл үүсэхээс сэргийлэхэд тусалдаг. Жимсэнд агуулагдах антиоксидант болон амин дэмүүд нь насжилтын гол шалтгаануудын эсрэг хүчтэй хамгаалалт үзүүлдэг.
2. Бага хэмжээгээр хэрэглэгддэг ч чухал байр суурь эзэлдэг хүнс бол сүүн бүтээгдэхүүн. Кальци, Д амин дэм болон пробиотикоор баялаг тараг, бяслаг зэрэг нь ясны сийрэгжилтээс хамгаалж, булчингийн алдагдлыг сааруулж, уургийн тэнцвэртэй хэрэглээг хангаж чаддаг.
3. Ханаагүй тос буюу олив болон авокадоны тос нь зүрх судасны системд маш өндөр ач холбогдолтой гэжээ. Эдгээр тос нь муу холестериныг бууруулж, сайн холестериныг нэмэгдүүлэн, тархины үйл ажиллагаа, сэтгэцийн эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг гэдгийг Америкийн Зүрхний Холбоо мөн нотолжээ.
4. Самар орсон бөгөөд омега-3 тосны хүчлээр баялаг хушга зэрэг самар нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, тархины хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй. Самар нь мөн цатгалан мэдрэмж төрүүлж, жингээ барихад дэмжлэг үзүүлдэг байна.
Судалгааг ахалсан доктор Мерседес Сотос Приетогийн онцолсноор, дээр дурдсан дөрвөн хүнсийг тогтмол хэрэглэснээр хүний амьдралын чанар сайжрах төдийгүй урт наслахад эерэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн судалгаа нь зөвхөн хүний эрүүл мэндээр зогсохгүй хүрээлэн буй орчны тогтвортой байдалд ч эерэгээр нөлөөлдөг хоолны хэв маягийг дэмжихийг уриалж байна.
Газар дундын тэнгисийн хоолны дэглэмд ургамлын гаралтай хүнс голлож, мах болон сүүн бүтээгдэхүүнийг дунд зэргийн хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдгөөр онцлог. Энэхүү хандлага нь насжилтыг удаашруулах, байгаль орчны ачааллыг бууруулах давхар үр ашигтайг тус судалгаагаар баталжээ.