bnr-0
Хувиараа нийгмийн даатгал төлөгчдөд арилжааны банкнаас зээл авах боломж бүрдүүлэхийг хүслээ
03 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл арилжааны банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа тухай санал, гомдол нийгмийн даатгалын байгууллагад ихээр иржээ.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газраас арилжааны банкуудад хүсэлт гаргасан байна.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдан, шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг арилжааны бүх банканд хандан уламжилжээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс сайн дурын даатгуулагч сард 106,920 төгрөг төлнө

2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийгмийн даатгалд албан журмаар 925,000 орчим иргэн даатгуулсан байна. Харин сайн дураар 75,000 гаруй иргэн даатгуулжээ. 

Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэд “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ихээр ирүүлжээ. 

Тиймээс, Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдаж, шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг арилжааны бүх банканд хандан уламжилсан байна. Хэрэв банкууд уг хүсэлтийг дэмжвэл хувиараа нийгмийн даатгал төлөгчид банкнаас зээл авах боломж бүрдэх юм.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792,000 төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоол нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 106,920 төгрөгийн шимтгэл төлөх юм.   

mobile-logo