- Meta компанийн гуравдугаар улирлын орлого 40.59 тэрбум ам.долларт бүртгэгдэж, шинжээчдийн хүлээлтээс давсан байна.
- Харин тус компанийн олон нийтийн сүлжээ платформыг өдөрт ашиглаж буй идэвхтэй хэрэглэгчдийн тоо 3.29 тэрбум болсон нь өмнө жилийн мөн үеэс 5 хувиар өссөн үзүүлэлт гарсан ч шинжээчдийн таамагт хүрээгүй аж.
АНУ-ын технологийн гигант Meta компани лхагва гарагт энэ оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн гуравдугаар улирлын орлого 40.59 тэрбум ам.долларт бүртгэгдэж, шинжээчдийн хүлээлтээс давсан байна.
Meta-ийн тус хугацаан дахь борлуулалт өмнө жилийн мөн үеэс 19 хувиар өссөн бол цэвэр орлого жилийн өмнөхөөс 35 хувиар өсч, 15.7 тэрбум ам.долларт хүрээд байна.
Харин тус компанийн олон нийтийн сүлжээ платформыг өдөрт ашиглаж буй идэвхтэй хэрэглэгчдийн тоо 3.29 тэрбум болсон нь өмнө жилийн мөн үеэс 5 хувиар өссөн үзүүлэлт гарсан ч шинжээчдийн таамагт хүрээгүй аж.
“Бидний хиймэл оюун ухаанд оруулж буй хөрөнгө оруулалт нь нарийвчлалтай дэд бүтцийг шаардсан хэвээр байгаа бөгөөд бид цаашдаа ч их хэмжээний хөрөнгө оруулалтыг хиймэл оюунд зарцуулах төлөвлөгөөтэй байна” хэмээн Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг мэдэгдлээ.
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар тус компанийн дөрөвдүгээр улирлын орлоно 45-48 тэрбум ам.долларын хооронд байхаар байна.
Meta-ийн виртуал бодит ертөнцийн технологийг хөгжүүлэгч хэлтэс болох Reality Labs нь тус хугацаанд 4.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Харин тус хэлтсийн орлого 29 хувиар өссөн үзүүлэлт гарч, 270 сая ам.долларт хүрээд буй. Reality Labs-ийн орлогын гол эх үүсвэр бүтээгдэхүүнүүд нь Meta's Quest VR төхөөрөмж болон Ray-Ban Meta ухаалаг шил юм.