- “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх” зэрэг гурван тогтоолыг Засгийн газар баталжээ.
- Хөвсгөл, Булган, Орхон аймагт зам, эрчим хүч, аялал жуулчлал болон эрүүл мэндийн томоохон төсөл хэрэгжүүлнэ.
- Дулааны станц, олон улсын нисэх буудал болон орон нутгийн технологийн парк байгуулах шийдвэр гарлаа.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас хойд бүсийн хөгжлийг дэмжих цогц бодлого, олон талт төсөл хөтөлбөрийг баталлаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн нийт 190 гаруй санал, санаачилгыг нэгтгэж гурван тогтоол гаргасан нь “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай” болон “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих тухай” байв.
Шинэчлэлийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 50 мегаваттаас дээш хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Мөн тус аймгийн Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлд хатуу хучилттай авто зам тавих төсөл орж байна.
Мөн Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн авто замын ажлыг эрчимжүүлж, нэмэлт гурван чиглэлд зураг төсөл боловсруулах юм. Инженерийн дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Аялал жуулчлалыг бүх улиралд идэвхтэй болгох зорилгоор бизнес эрхлэгчдэд зургаан жилийн хугацаатай, 6.0 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн БНСУ-Мөрөн чиглэлийн олон улсын шууд нислэгийг нээх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Мөрөнгийн нисэх буудлыг 4С ангиллын шаардлагад нийцүүлэн өргөтгөхөөр шийдвэрлэсэн байна.
Мөн “Эрдэнэт медикал” эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон хөгжүүлэхээр болжээ.
Байгаль орчны хувьд Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын цэнгэг ус, ой, хүлэрт намаг, мөнх цэвдгийг судалж, тусгай хамгаалалтад авах ажлыг шат дараатай хэрэгжүүлж Ханх-Монд боомтыг шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн саяхан болсон Хөвсгөл аймгийн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн галын улмаас хохирсон иргэдэд 5.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгох шийдвэрийг гаргалаа.
Эдгээр арга хэмжээ нь хойд бүсийн эдийн засгийн өсөлт, тэгш хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх томоохон алхам болно гэж Засгийн газар үзэж байна.