bnr-0
Дэлхийн анхаарал АНУ дээр буй ч “хүн төрхт робот”-ын өрсөлдөөнд Хятад илүүрхэж байна
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Америк компаниуд хүн төрхтэй хиймэл оюунтай робот хөгжүүлэхээр өрсөлдөж буй ч Хятад хэдийнэ давамгайлж эхэлжээ.
  • Tesla компанийн Optimus робот жилд 5000 ширхэг үйлдвэрлэхээр зорьж байгаа бол Хятадын компаниуд зах зээлд хэдийнэ гаргаж эхлээд байна.
  • Хятадын төрийн бодлого, ханган нийлүүлэлтийн сүлжээ, дотоодын зах зээлийн дэмжлэг дэлхийд тэргүүлэх боломжийг бий болгож байна.
Хиймэл оюунд суурилсан, хүн төрхтэй роботыг “ирээдүйн хөдөлмөрийн зах зээл”-ийн гол шийдэл хэмээн үзэж байна.

Хиймэл оюунд суурилсан, хүн төрхтэй роботын эрин эхэлж буйг Америкийн технологийн компаниуд онцолж, энэ бол “ирээдүйн хөдөлмөрийн зах зээл”-ийн гол шийдэл хэмээн үзэж байна. Гэвч шинжээчдийн дүгнэлтээр бол энэ өрсөлдөөнд Хятад хэдийнэ түрүүлж, технологи, үйлдвэрлэл, хэрэглээ гэх гурван чиглэлд давуу байр сууриа хэдийнэ олсон байна.

Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск энэ онд 5000 ширхэг Optimus робот үйлдвэрлэхээр зорьж буйгаа зарласан ч Хятадын компаниуд хэдийнэ зах зээлд гарч, заримыг нь хэрэглэгчдэд хүргээд амжжээ. Ханжоу хотод төвтэй Unitree компани гэхэд л  “G1” роботыг ердөө 16 мянган ам.доллараар худалдаанд гаргасан нь Tesla-гийн 20 мянган ам.долларын бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй хямд байгаа юм. Шанхай хотын Agibot ч мөн 5000 ширхгийг үйлдвэрлэх зорилт тавиад байна.

Tesla зэрэг Америкийн компаниуд судалгаа, туршилтын шатандаа явж байхад, Хятадын үйлдвэрүүд хэдийнэ эдгээр роботоо автомашин үйлдвэрлэлийн шугамд ашиглаж эхэлсэн ажээ. BYD болон Geely зэрэг автомашин үйлдвэрлэгч Unitree компанийн роботуудыг үйлдвэртээ ашиглаж байгааг Хятадын төрийн мэдээллийн сувгаар мэдээлсэн байна.

Эдийн засгийн судалгааны SemiAnalysis байгууллага энэ оны эхээр хийсэн тайландаа Unitree-гийн G1 роботыг “одоогоор зах зээлд байгаа цорын ганц бүрэн ажиллагаатай хүн төрхт робот” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн энэ робот нь Америкийн технологийн хамааралгүйгээр үйлдвэрлэгдсэн гэдгийг онцолжээ. Тэдний үзэж буйгаар, Хятад улс эдгээр технологийг ашиглан хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрийн бүтцийг үндсээр нь өөрчилж чадахуйц хэмжээнд ойртсон нь АНУ-д эдийн засгийн ноцтой сорилт учруулж мэдэх аж.

Хятадын Засгийн газар ч энэхүү чухал чиглэлд анхаарлаа хандуулж, өнгөрсөн 2023 онд Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас тусгай удирдамж гарган, 2025 он гэхэд “массын үйлдвэрлэл”-ийг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Bank of America-ийн судлаачид ч роботын хэрэглээ ойрын гурван жилийн дотор үйлдвэрлэлийн шугамнаас эхэлж, үйлчилгээний салбар руу аажмаар тэлнэ гэж таамаглаж байна.

Энэ бүгд нь Хятадын дотоод ханган нийлүүлэлтийн сүлжээ, төрийн бодлого, хэрэглэгчийн орон зай зэрэг олон хүчин зүйлийн уялдаа холбооноос үүдэн гарах бөгөөд эдгээр нь Америк шиг өндөр өртөгтэй, хэт төвлөрсөн судалгааны бүтэцтэй зах зээлийг давамгайлж буйг харуулж байна.

2030 он гэхэд дэлхий даяар жил бүр 1 сая хүн төрхтэй робот үйлдвэрлэгдэх магадлалтай хэмээн шинжээчид үзэж байна. Зарим судалгаагаар 2060 он гэхэд дэлхий дээр 3 тэрбум ийм робот ажиллаж байж мэдэх нь. Технологийн шинэ эрин эхэлсэн гэдэг нь тодорхой, гэхдээ одоогоор жолоог нь Хятад улс атгаж эхэлж байна.   

 

mobile-logo