- Алтны спот ханш 3106.50 ам.долларт хүрч дээд түвшинд хүрэв.
- Дональд Трампын тарифын бодлого, геополитикийн эрсдэлүүд зах зээлд нөлөөлж байна.
- Голлох хөрөнгө оруулагч банкууд алтны ханшийн таамгийг өсгөлөө.

2025 оны гуравдугаар сарын 31-нд алтны дэлхийн зах зээлийн ханш анх удаа унци нь 3100 ам.доллараас давж, 3106.50 ам.долларт хүрэн түүхэн дээд түвшинг тогтоолоо. Энэ өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан тарифын шинэ бодлого болон геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгөд шилжих хандлага эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
2025 он гарсаар алтны ханш 18 хувиар өсөөд байгаа нь инфляц, валютын савлагаа болон олон улсын худалдааны тодорхой бус байдалд итгэл алдарсан хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээж буйг харуулж байна. Энэ сарын эхээр алт анх удаа 3000 ам.долларын босгыг давсан нь зах зээлийн тогтворгүй байдалд хөрөнгө оруулагчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг илтгэлээ.
OCBC банкны шинжээчид “геополитикийн түгшмэл байдал болон тарифын тодорхой бус нөхцөл нь алтны эрэлт, үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Хэдийгээр зах зээлийн савлагаа үргэлжилж буй ч бид алтны хэтийн төлөвт эерэг байр суурьтай хэвээр байна” гэж мэдэгдэв.
Goldman Sachs, Bank of America, UBS зэрэг томоохон банкууд алтны ханшийн таамгаа энэ сард нэмж, 2025 оны эцэст 3300 ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs таамаглав. Bank of America алтны ханшийг 2025 онд 3063 ам.доллар, 2026 онд 3350 ам.долларт хүрнэ гэж тооцоолсон нь өмнөх таамгуудтай харьцуулахад 300-700 ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Трампын засаг захиргаа ирэх дөрөвдүгээр сарын 2-нд импортын автомашин, эд ангиудад 25 хувь, Хятадаас орж ирж буй бүх бараанд 10 хувийн нэмэлт татвар тавих шинэ төлөвлөгөөг зарлахаар зэхэж байна. Энэ үйл явц алтны ханшид нэмэлт түлхэц өгч буйг санхүүгийн үйлчилгээний Marex группын шинжээч Эдвард Мейр онцолжээ.
Үүн дээр нэмэгдэн Төв банкуудын алтны эрэлт, биржийн хөрөнгө оруулалтын урсгал өссөн нь алтны үнийн өсөлтийг дэмжиж байгаа гол хүчин зүйлс хэвээр байна.