- Үндэсний брэнд ₮ картыг Хонконгод төлбөр тооцоонд ашиглах боломжтой боллоо.
- Үндэсний брэнд картыг хилийн чанадад, бусад улсын төлбөрийн картын сүлжээнд ашиглах боломж ийнхүү нээгдэж байна.
- Үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг Монголбанк 2010 оноос гаргаж, арилжааны банкуудтай хамтран 2012 онд дотоодын зах зээлд нэвтрүүлсэн билээ.

Үндэсний брэнд ₮ картыг Хонконгод төлбөр тооцоонд ашиглах боломжтой боллоо. Монголбанк болон Хонконгийн EFT Solutions компани 2024 оны зургадугаар сарын 21-ний өдөр Хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, улмаар энэ сарын 27-ны өдрөөс эхлэн Монголын үндэсний ₮ картаар Хонконгод төлбөр тооцоо хийж, тус картаар хилийн чанадад, бусад улсын төлбөрийн картын сүлжээнд ашиглах боломж ийнхүү нээгдэж байна.
Одоогоор ₮ картын лого байршсан худалдаа, үйлчилгээний цэгт ашиглах боломжтой байгаа бол цаашид түргэн үйлчилгээний дэлгүүр, метро, такси зэрэгт ₮ картыг ашиглах боломжтой болно.
Үндэсний брэнд ₮ картыг бий болгох санаачилгыг Монголбанк 2010 оноос гаргаж, арилжааны банкуудтай хамтран 2012 онд дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Улмаар Монголбанк олон улсын “Mastercard” компанитай M/Чип технологийн лицензийн гэрээг 2019 онд байгуулж, хамтран ажилласнаар үндэсний брэнд ₮ картыг нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан EMV чип болон NFC зайнаас унших технологид шилжүүлсэн. Ингэснээр чиптэй ₮ картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, ₮ картын мэдээллийг токенжуулах боломжтой болжээ.
Мөн карт эзэмшигч ₮ картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээг пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоо хийж буй. Эдгээр алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр үндэсний брэнд ₮ картыг олон улсын Apple Pay үйлчилгээнд холбон, ухаалаг гар утсанд суурилсан төлбөр тооцоо хийх боломж энэ онд мөн бүрдсэн билээ.