bnr-0
Хятадын дотоодын хэрэглээ сэргэж эхэлжээ
03 сарын 31, 2025
ХУВААЛЦАХ
  • Alibaba, JD.com зэрэг томоохон компаниудын орлого өсөж, хэрэглээ сэргэж буйг харууллаа.
  • Алт, тоглоом, цахилгаан скутер зэрэгт зарцуулалт эрчимтэй нэмэгджээ.
  • Сүүлийн хагас жилд Хятадын Засгийн газар дотоодын хэрэглээг дэмжих бодлого идэвхтэй хэрэгжүүлж байна.
Alibaba, JD.com зэрэг томоохон компаниудын орлого өсөж, Хятадын дотоодын хэрэглээ сэргэж буйг харууллаа.

2024 оны сүүлийн улиралд Хятадын цахим худалдааны томоохон компаниудын тайлан олон нийтийн анхаарлыг татав. Alibaba, JD.com зэрэг гигантуудын дотоодын худалдаанаас олсон орлого өмнөх жилээс илүү хурдацтай өссөн нь хэрэглээ сэргэж байгааг илтгэж байна. Гэсэн хэдий ч энэ өсөлт цар тахлын өмнөх түвшинд хараахан хүрээгүй хэвээр байна.

China Renaissance Securities-ийн Азийн судалгааны захирал Чарли Чен "Хэрэглээ эрүүл байдлаар сэргэж байгаа ч цар тахлын өмнөх оргилдоо хүрээгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт хүмүүсийн зарцуулалтын мэдрэмжид нөлөөлж, худалдан авалтыг хязгаарлаж байна хэмээн онцолсон.

JD.com компани нь төрөөс хэрэгжүүлсэн хэрэглээг дэмжих бодлого, тухайлбал, ухаалаг гар утас, цахилгаан хэрэгслийн шинэчлэлийн урамшуулалтай уялдуулан 2024 оны сүүлийн улиралд цахилгаан бараа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний борлуулалтаа 15.8 хувиар өсгөж чаджээ. Жилийн нийт өсөлт 4.9 хувьтай гарсан нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.

Эдийн засгийн ерөнхий орчинд сорилт хэвээр байгаа ч урт хугацаандаа хэрэглэгчдийн итгэл сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа JD.com-ын гүйцэтгэх захирал Сэнди Сюй илэрхийлжээ.

Зарим зах зээл илүү эрчимтэй тэлж байгааг ч онцлох хэрэгтэй. Бээжинд төвтэй Laopu Gold компанийн ашиг 2024 онд 236 хувиар өсөж, 1.4 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байгаа бол тоглоом үйлдвэрлэгч PopMart-ын орлого Хятадад хоёр дахин нэмэгдэж, 2.64 тэрбум юаньд хүрсэн байна. Niu Technologies цахилгаан скутерын борлуулалтаа 80 гаруй хувиараа өсгөж, 646.2 сая юань болгосон нь салбар дэлгүүрүүд олноор нээсэн, шинээр дээд зэрэглэлийн загварууд нэвтрүүлсэнтэй холбоотой аж.

Эсрэгээрээ ундаа, цай, кофе зэрэг өрсөлдөөн өндөр зах зээлд орлого унажээ. Starbucks, Luckin зэрэг кофе шопуудын борлуулалт буурч, Mixue, Guming зэрэг цайны сүлжээ компаниуд нэгж дэлгүүрт ногдох борлуулалтдаа хүнд цохилт амссан байна. Өрсөлдөгчид хямд бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.

Зарим тоон үзүүлэлт ч энэ дүр зургийг баталж байна. Жилийн эхний хоёр сард жижиглэн худалдаа 4 хувиар өссөн нь сүүлийн 12 сарын хамгийн өндөр дүн болжээ. Гэсэн ч энэ өсөлт өмнөх оны мөн үеийн 5.5 хувьтай харьцуулахад сул буй юм. Харин Trip.com аялал жуулчлалын сайтын мэдээлснээр, олон улсын аялал 2019 оны түвшнээс 120 хувиар давсан үзүүлэлттэй гарч, 53.3 тэрбум юанийн орлого олжээ.

Хэрэглэгчдийн итгэл сэргэж эхэлж байгаа ч өдөр тутмын хэрэглээний бараа, үйлчилгээний чиглэлд төрөөс илүү түлхэц үзүүлэх шаардлагатайг шинжээчид онцолж байна. Хэдийгээр зарим компани орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж буй ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээл дээр өрсөлдөөн улам нэмэгдэх шинжтэй байна.   

mobile-logo