bnr-0
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр зэсийн үнэ 10 мянган ам.доллар давлаа
09 сарын 27, 2024
ХУВААЛЦАХ
  • Зэсийн үнийн энэ өсөлт 2025 оныг хүртэл хадгалагдах байх гэж шинжээчид таамаглаж байна.
  • БНХАУ зогсонги байдалд ороод байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ сэргээхийн тулд бодлогын арга хэмжээ авсны үр дүнд зэсийн ханш өслөө.

БНХАУ үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжих багц арга хэмжээ авч, санхүүжилтийг Төв банкнаас нь шийдвэрлэснээр зэсийн эрэлт нэмэгдэж, пүрэв гарагт зэсийн үнэ тонн нь 10 мянган ам.доллараас давлаа.

Нью-Йоркийн Comex биржийн өглөөний арилжаагаар арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ лхагва гарагийн тооцооноос 3.4 хувиар өсч, нэг тонн нь 10.208 ам.доллар болов.

БНХАУ төрийн томоохон банкууддаа 142 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцэж байгаа талаар өмнө мэдээлж байсан. Тэгвэл тус улсын төв банкнаас ковидын цар тахлаас хойш анх удаагаа аж үйлдвэрийн салбараа дэмжсэн томоохон хөрөнгө оруулалтыг арилжааны банкууддаа хийх шийдвэр нь зэсийн үнэ ханш өсөхөд нөлөөлжээ.

Хятадын зах зээл дээр ийнхүү зэсийн ханш өсөхөд АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулсан шийдвэр ч бас нөлөөллөө гэж Mining.com онцолжээ. Ханшийн энэ өсөлт 2025 оныг хүртэл хадгалагдах байх гэж шинжээчид таамаглаж байна.

Энэ сарын эхээр Bank of America (BofA)-ийн шинжээчид 2025 он гэхэд зэсийн үнэ тонн тутамдаа 10.000 ам.доллараас дээш өснө гэж таамаглаж байсан. BofA  энэ таамаглалаа өндөр эрэлт, хязгаарлагдмал нийлүүлэлт, эрчим хүчний шилжилтийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс шалтгаалж зэсийн үнэ өндөр хэвээр байна гэж нотолж байсан. Хятадын зэх зээл дээр гарсан энэ өөрчлөлтийг дагаад уул уурхайн компаниудын хувьцаа ч өссөн байна. Тухайлбал, Glencore компанийнх 5.8 хувиар өссөн бол BHP  4.8 хувиар, Freeport-McMoRan-ийнх 7.5 хувиар тус тус өссөн байна.  

mobile-logo