bnr-0
Дональд Трамп: АНУ-ын алтан үе яг одоо эхэлж байна
01 сарын 21, 2025
ХУВААЛЦАХ
  • 2025 оны нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ.
  • Ерөнхийлөгч Трамп сансар судалгааны чиглэлд онцгой анхаарал хандуулна гэдгээ зарлаж, Америкийн сансрын нисгэгчдийг Улаан нүдэн гарагт илгээх зорилгоо танилцууллаа.
  • Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Трамп 200 гаруй зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Дональд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ.

2025 оны нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ. Тангаргийн ёслол Капитолын Ротонда танхимд болж, түүний хамт Ж.Д. Ванс дэд ерөнхийлөгчөөр тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслол

Тангараг өргөсний дараа Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн мэдэгдсэн. Түүний нээлтийн үгэнд дараах гол санаанууд багтсан юм:

• Өмнөх засаг захиргааны явуулсан бодлогоос шалтгаалсан “Америкийн уналт”-ыг шүүмжлэх

• Худалдааны харилцааг шинэчлэх

• Эрчим хүчний үнийг бууруулах, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх

• Мексиктэй залгаа урд хил дээр үндэсний онц байдал зарлах

• Засгийн газрын олон янз байдал, тэгш байдал, оролцоог дэмжих хөтөлбөрүүдийг зогсоох

АНУ-ын технологийн гигантуудын удирдлагууд Трампын тангараг өргөх ёслолд оролцлоо.

 

Хүйсийн талаарх шинэ бодлого буюу Трамп “Өнөөдрөөс эхлэн АНУ-ын Засгийн газрын албан ёсны бодлого нь зөвхөн хоёр хүйс буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хүлээн зөвшөөрнө” хэмээн зарлаж, төрийн хэмжээнд трансжендер хүмүүсийн төлөөх үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдэв.

Мөн Ерөнхийлөгч Трамп сансар судалгааны чиглэлд онцгой анхаарал хандуулна гэдгээ зарлаж, Америкийн сансрын нисгэгчдийг Улаан нүдэн гарагт илгээх зорилгоо танилцууллаа. Энэ нь түүний ойрын холбоотон Илон Маскийн олон жилийн мөрөөдөлтэй нийцэж буй.

Трампын эхний өдрүүдийн бодлогын тэргүүлэх чиглэлүүд

Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа Трамп 200 гаруй зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Эдгээрээс хамгийн эхэнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогууд нь:

1. Засгийн газрын бүтцийн шинэчлэл: Төсвийг хэмнэх зорилгоор “Засгийн газрын үр ашигт байдлын яам” байгуулах

2. Дайверсити буюу Олон янз байдлын санаачлагуудыг зогсоох: Засгийн газрын тэгш байдал, оролцооны хөтөлбөрүүдийг цуцлах

3. Хүйсийн талаарх бодлого: Зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүйсийг хүлээн зөвшөөрсөн бодлого хэрэгжүүлэх

 Түүнчлэн, цагаачлалын асуудлаарх 10 томоохон зарлигийг гаргахаар бэлдэж байна. Үүнд:

• Урд хил дээр үндэсний онц байдал зарлах.

• Хар тамхины бүлэглэлүүдийг гадаадын террорист байгууллага гэж тодорхойлох

• Орогнол хүсэх үйл явцыг хязгаарлах

• Дүрвэгсдийн суурьшуулах үйл ажиллагааг дөрвөн сараар зогсоох

 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордонд үймээн дэгдээсэн оролцогчдод өршөөл үзүүлэх тухай зарлиг гаргах төлөвтэй байна.

 Ням гарагт болсон цуглааны үеэр Трамп “Америкийн уналтын дөрвөн жилийг эцэслэж, хүчирхэг, хөгжил цэцэглэлтэй, бахархалтай шинэ үеийг эхлүүлэх болно” хэмээн амласан юм.   

mobile-logo