bnr-0
Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өслөө
09 сарын 16, 2024
ХУВААЛЦАХ
  • Хүнсний ногооны ургац хураалт дуусч байна.
  • Хураан авсан төмс, хүнсний ногооны ургацаараа Төв аймаг тэргүүлж байна.
  • Төмсний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангахуйц ургац хураан авсан.
Жил ирэх тусам импортын хүнсний ногооны хэмжээг бууруулна.

Хүнсний ногооны ургац хураалт улсын хэмжээнд үндсэндээ дуусч байна. Харин үр тарианы ургац хураалт үргэлжилж байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 96.5 мянган тонн хадлан хадаж, 21.4 мянган тонн хүнсний ногоо, 16.5 мянган тонн төмс хурааж, 3.1 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.

Энэ дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хураасан төмс  8.5 мянган тонн буюу 2.1 дахин,  хүнсний ногоо 2.3 мянган тонн буюу 12.2 хувиар, гар тэжээл 654.8 тонн буюу 26.7 хувиар өсөж, харин бэлтгэсэн хадлан 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурсан байна. Хадлан бэлтгэл буурсан нь зуншлага бүх аймагт жигд сайн байгаагүй, зарим нутгаар гандуу байсантай холбоотой байна.

Төмсний ургац Говьсүмбэр,  Дорноговь,  Говь-Алтай,  Улаанбаатар хот, Дорнод, Хэнтий, Архангай, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад 7.6– 94.6 хувиар буурч, үлдсэн бусад аймагт өссөн байна.

Хураасан  хүнсний  ногоо  өмнөх  оны  мөн  үеэс Сүхбаатар, Хөвсгөл,  Өвөрхангай,  Хэнтий, Архангай,  Төв,  Баянхонгор,  Дорнод,  Өмнөговь,  Улаанбаатар хот,  Дархан-Уул аймгуудад 0.8 тонноос 6.5 мянган тонн буюу 3.3 – 91.0 хувиар буурч, бусад аймагт   5.2 тонноос 7.9 мянган тонноор буюу 24.2 хувиас 5.6 дахин өссөн байна.  

mobile-logo