- Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар өсөөд байна.
- Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний гурван улиралд 8.8 хувиар өссөн.
- Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний гурван улиралд 25 хувиар дараалан унажээ.
2024 он дуусахад 25 хоног үлдээд байна. Өнгөрч байгаа энэ он манай улсын эдийн засагт ямар жил болон тэмдэглэгдэхийг онцлох гол салбаруудыг тоон үзүүлэлтээр илэрхийлье.
- Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар өсөөд байна. Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрээд байна. Ирэх 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ. Харин зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ес орчим хувиар өндөр гарчээ.
- Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний гурван улиралд 8.8 хувиар өссөн. Энэ нь аж ахуйн нэгж болон иргэдийн худалдан авах чадвар дахин сэргэсэнтэй холбон тайлбарлаж байна. Иргэд аж ахуйн нэгжийн худалдан авах чадвар сэргэхэд арилжааны банк, ББСБ-аас олгосон зээлийн хэмжээ ч дагаж өссөн байна. Үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд энэ салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байна.
Эрчим хүчний салбар энэ оны эхний гурван улиралд 5.2 хувиар өссөн гэдэг статистик дүн анхаарал татаж байсан. Харин Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний гурван улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэй гэсэн ангилалд багтжээ.