bnr-0
Хятадад дэгдэж буй HMPV вирус COVID-19-өөс юугаараа ялгаатай вэ?
01 сарын 08, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) арванхоёрдугаар сарын 16-29-ний хооронд өвчлөлийн тохиолдол нэмэгдсэнийг мэдээлж, шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааг хянах туршилтын систем нэвтрүүлж эхэлжээ.
  • HMPV нь ерөнхийдөө хөнгөн хэлбэрээр илэрдэг ч хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа болон бронхит үүсгэх магадлалтай. Хүүхэд, ахмад настан, дархлаа султай хүмүүс илүү өртөмтгий байдаг.
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) уг вирусын тархалтын улмаас дэлхий даяар онц байдал зарлаагүй боловч иргэдэд хувийн ариун цэврээ сахиж, сэрэмжтэй байхыг зөвлөөд буй.
Хятадын хойд мужуудад хүний метапневмовирус буюу HMPV вирусын халдвар хурдацтай нэмэгдэж, голчлон 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөр байна.

Хятадын хойд мужуудад хүний метапневмовирус буюу HMPV вирусын халдвар хурдацтай нэмэгдэж, голчлон 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тархалт өндөр байна. Өвлийн улиралд томуу төст халдварууд идэвхжиж байгаа нь эмнэлэг, эмийн сангуудад урт дараалал үүсгэсэн талаар олон нийтийн сүлжээнд тархсан зураг, бичлэгүүдээс харагдаж буй.

Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) арванхоёрдугаар сарын 16-29-ний хооронд өвчлөлийн тохиолдол нэмэгдсэнийг мэдээлж, шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгааг хянах туршилтын систем нэвтрүүлж эхэлжээ. Тус төвөөс иргэдэд амны хаалт тогтмол зүүх, вакцинжуулалтад хамрагдах, ариун цэвэр сахихыг зөвлөж байна.

HMPV гэж юу вэ?

HMPV нь томуу төст вирус бөгөөд дараах шинж тэмдгүүд илэрдэг.

  • Ханиалгах
  • Халуурах

  • Хамар битүүрэх

  • Амьсгал давчдах

Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа болон бронхит үүсгэх магадлалтай. Хүүхэд, ахмад настан, дархлаа султай хүмүүс илүү өртөмтгий байдаг.

HMPV вирус дараах замаар халдварладаг:

  • Өвчтэй хүнтэй ойрын хавьталд орох

  • Ханиалгах, найтаах үед агаар дуслын замаар

  • Бохирдсон гадаргууд хүрэх

HMPV вирусын идэвхжил өвөл, хаврын улиралд нэмэгдэх хандлагатай бөгөөд халдвар авснаас хойш 3-6 хоногийн дараа шинж тэмдэг илэрдэг.

HMPV хаана тархаж байна вэ?

Зүүн Өмнөд Азид өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, Малайзад 2024 онд HMPV-ын 327 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх жилийн 225 тохиолдлоос 45 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Вьетнам, Индонез зэрэг орон сэрэмжээ нэмэгдүүлж, нөхцөл байдалд хяналт тавьж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) уг вирусын тархалтын улмаас дэлхий даяар онц байдал зарлаагүй боловч иргэдэд хувийн ариун цэврээ сахиж, сэрэмжтэй байхыг зөвлөөд буй.

Өвчлөлийн тохиолдол яагаад нэмэгдэж байна вэ?

Өвчлөл нэмэгдэж буй гол шалтгаан нь хүйтний улиралтай холбоотой бөгөөд гуравдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Түүнчлэн COVID-19-ийн дараа хяналтын систем сайжирсантай холбоотойгоор илүү олон тохиолдлыг илрүүлж байж магадгүй аж. HMPV халдвар нь ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг.

HMPV COVID-19-оос юугаараа ялгаатай вэ?

HMPV нь COVID-19-өөс дараах зүйлсээр ялгаатай:

  • Насны ялгаа: HMPV нь бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тархдаг.

  • Нас баралт: HMPV-ээс шалтгаалсан нас баралт ховор тохиолддог.

  • Эмчилгээ: HMPV-ийн эсрэг эмчилгээ, урьдчилан сэргийлэх вакцин одоогоор байхгүй.

HMPV нь ерөнхийдөө хөнгөн хэлбэрээр илэрдэг ч анхаарал, сэрэмжтэй байх нь таны болон гэр бүлийн тань эрүүл мэндийг хамгаалахад тусална.   

 

mobile-logo