bnr-0
ОХУ-ын нүүрсний салбар доройтож, 30 орчим үйлдвэр дампуурлын ирмэгт туллаа
04 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • 40 сая тонн хүчин чадалтай 30 орчим компани дампуурахад ойрхон байна.
  • Салбарын орлого 2024 онд 19 хувиар буурч, 1.39 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
  • Кузбасс, Хакас мужид байдал хамгийн хүнд байна.
Кузбасс мужийн нүүрсний компаниудын нийт орлого ойролцоогоор 913 сая ам.доллар болж, өмнөх оноос 300 хувиар буурсан бол Хакаси мужид энэ бууралт 1200 хувь болж, ердөө 15 сая ам.доллар хүрчээ.

Оросын нүүрсний салбар хүнд байдалд орж, улсын Эрчим хүчний яамнаас боловсруулсан хямралын эсрэг төлөвлөгөөнд тусгаснаар нийтдээ 40 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай 30 орчим аж ахуйн нэгж дампуурлын ирмэгт тулжээ. Харин нийт 126 сая тоннын хүчин чадал бүхий өөр 62 компани дунджаас дээгүүр алдагдал хүлээж буйг “Ведомости” сонин мэдээлсэн байна.

Эдгээрийн нөлөөгөөр салбарын олборлолт ойролцоогоор 40 сая тонноор буурч болзошгүй бөгөөд нүүрсний экспорт 15 хувиар агших эрсдэлтэй гэж үзэж байгаа аж. 2024 онд Орос улс нийт 438.6 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 0.2 хувиар багассан үзүүлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар тус үйлдвэрлэлийн 9 хувь нь дампуурах эрсдэлтэй, харин 29 хувь нь эдийн засгийн хувьд дорой байдалд оржээ.

2024 оны эцэст Оросын нүүрсний компаниудын тал буюу 50 хувь нь алдагдалтай ажилласан байна. Салбарын нийт орлого 1.8 их наяд рубль буюу ойролцоогоор 19.35 тэрбум ам.доллар байсан ч энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 19 хувиар буурсан дүн юм. Түүнчлэн тус салбар 2023 онд 3.84 тэрбум ам.долларын ашигтай байсан бол өнгөрсөн онд 1.39 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Эдийн засгийн хамгийн хүндрэлтэй байдал Кузбасс болон Хакас мужид ажиглагдаж байгаа юм. Кузбасс мужид алдагдалтай ажиллаж буй нүүрсний компанийн хувь 57.3 хүрсэн бол Хакас мужид энэ тоо 50 хувьтай тэнцжээ.

Кузбасс мужийн нүүрсний компаниудын нийт орлого ойролцоогоор 913 сая ам.доллар болж, өмнөх оноос 300 хувиар буурсан бол Хакаси мужид энэ бууралт 1200 хувь болж, ердөө 15 сая ам.доллар хүрчээ. Энэ нь тус бүс нутгийн хувьд урьд байгаагүй уналт боллоо. Мөн Кузбасс мужид ес, Хакаси мужид хоёр нүүрс олборлогч компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна.

Эдгээр тоон үзүүлэлт нь Оросын нүүрсний салбар бүтцийн доройтол руу хазайж, олон аж ахуйн нэгж амьсгаа даран, хүлээлтийн байдалд орсныг харуулж байна. Хэрэв зах зээлийн нөхцөл хэвээр үргэлжилбэл, ойрын жилүүдэд нүүрсний олборлолт болон экспортын хэмжээ цаашид ч эрс буурах магадлал өндөр байна. 

mobile-logo