- Цаг уурын өөрчлөлтийн улмаас Арктикийн мөс хайлж, шинэ усан замууд нээгдэж, ашиглагдаагүй нөөцийг эргэлтэд оруулах боломжийг улам бүр өсгөж буй.
- 2.1 сая гаруй км² газар нутгийг хамардаг Гренланд нь ховор метал, газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй.
- ОХУ Арктик дахь хуучин Зөвлөлтийн цэргийн баазуудыг дахин сэргээн ашиглаж байгаа бол Хятад улс Гренландын уул уурхайн салбарт ихээхэн хөрөнгө оруулж, технологи, батлан хамгаалах салбарт чухал үүрэгтэй ховор металын нөлөөгөө баталгаажуулахыг эрмэлзэж байна.
Гренланд арлын эдийн засаг, стратегийн ач холбогдол өсөж буйтай шууд холбоотойгоор Дональд Трампын энэ арлын талаарх сонирхол улам бүр нэмэгдэж байна. 2.1 сая гаруй км² газар нутгийг хамардаг Гренланд нь (Монголын газар нутгаас 1.3 дахин том) ховор метал, газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй. Түүнчлэн Арктикийн усан зам болон цэргийн чухал бүсүүдийн ойр байрлал нь дэлхийн хүчирхэг орнуудын анхаарлыг хэдийнээс татаж иржээ.
Цаг уурын өөрчлөлтийн улмаас Арктикийн мөс хайлж, шинэ усан замууд нээгдэж, ашиглагдаагүй нөөцийг эргэлтэд оруулах боломжийг улам бүр өсгөж буй. ОХУ Арктик дахь хуучин Зөвлөлтийн цэргийн баазуудыг дахин сэргээн ашиглаж байгаа бол Хятад улс Гренландын уул уурхайн салбарт ихээхэн хөрөнгө оруулж, технологи, батлан хамгаалах салбарт чухал үүрэгтэй ховор металын нөлөөгөө баталгаажуулахыг эрмэлзэж байна.
Харин АНУ-ын хувьд Гренланд нь үндэсний аюулгүй байдлын хувьд чухал ач холбогдолтой. Энд байрлах Питуффикийн сансрын бааз нь пуужингаас эсэргүүцэн хамгаалах болон мониторингийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн Гренланд нь Хүйтэн дайны үед чухал үүрэгтэй байсан Гренланд, Исланд, Их Британийн хоорондох тэнгисийн орон зайн стратегийн чухал цэгт байрладаг юм.
Трамп Гренландыг “стратегийн давуу тал” хэмээн тодорхойлсон бөгөөд хяналтаа баталгаажуулахын тулд цэргийн арга хэмжээг хүртэл үгүйсгэхгүй талаар дурдаж байсан. Гэвч автономит эрхтэй Гренланд болон тус арлын гадаад харилцаа, батлан хамгаалахын бодлогыг хариуцдаг Данийн Засгийн газар энэ арлыг худалдах ямар ч боломжгүй гэж мэдэгдээд байна. Дани болон Европын холбооны удирдлагууд Трампын мэдэгдлийг эрс буруушааж, Гренландын тусгаар тогтнолыг хүндэтгэх ёстойг онцолжээ. Гренландын Ерөнхий сайд Мүте Эгеде “Гренланд бол зөвхөн Гренландын ард түмнийх” гэж хүртэл мэдэгдэв. Гэхдээ санал асуулгаар Гренландын оршин суугчид хувь заяагаа шийдэх эрх нээлттэй юм.
Хэдийгээр Гренландыг худалдан авах боломж бага ч АНУ Арктикийн бүс дэх оролцоогоо өргөжүүлж магадгүй юм. Судлаачдын үзэж байгаагаар Гренландын 1.5 сая тонн ховор металын нөөц нь АНУ-д стратегийн давуу тал авчрах боломжтой.
Юутай ч Арктикийн өрсөлдөөн ширүүсэх хэрээр Гренландын геополитикийн ач холбогдол өсөж байна. Нөлөөллөө өсгөх АНУ, Орос, Хятадын өрсөлдөөн үргэлжилж байгаа энэ үед Гренландын ирээдүй дэлхийн хүчний тэнцвэрийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болох нь дамжиггүй. Харин Трампын хувьд Гренланд нь эдийн засаг болон стратегийн давуу талаа хангах боломж гэж харагдаж буй ажээ.