bnr-0
Huawei компанийн орлого огцом өсөж, Хятадын гар утасны зах зээлд байр сууриа тэлэв
04 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Huawei компанийн 2024 оны нийт орлого 862.1 тэрбум юань болж, өмнөх оноос 22.4 хувиар нэмэгджээ.
  • Гар утасны борлуулалт 339 тэрбум юаньд хүрч, 38.3 хувиар өссөн байна.
  • Цэвэр ашиг 28 хувиар буурсан нь судалгаа, хөгжүүлэлтийн өндөр зардлаас шалтгаалжээ.
Huawei компанийн 2024 оны нийт орлого 862.1 тэрбум юань болж, өмнөх оноос 22.4 хувиар нэмэгджээ

Хятадын технологийн гигант болох Huawei компани 2024 онд огцом өсөлт үзүүлж, нийт орлого нь 862.1 тэрбум юаньд хүрсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр дүн боллоо. Энэ нь 2023 онтой харьцуулахад 22.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд компанийн үндсэн хоёр салбар болох харилцаа холбооны технологи болон хэрэглэгчийн бизнесүүд голчлон нөлөөлсөн байна.

Тухайлбал, хэрэглэгчийн бизнес буюу гол төлөв гар утасны борлуулалт 339 тэрбум юаньд хүрч, өмнөх жилийнхээс 38.3 хувиар өссөн нь анхаарал татаж байна. АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэн өмнөх жилүүдэд хүчтэй уналттай тулгарсан энэ салбар 2023 оны сүүлчээс эргэн сэргэж, дотоодын зах зээлд өндөр үзүүлэлт үзүүлжээ. Canalys-ийн судалгаагаар 2024 онд Huawei-ийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 37 хувиар өсөж, Хятадын зах зээлд эзлэх хувиа 12-оос 16 хувь болгож нэмэгдүүлсэн байна. Энэ өсөлт нь өрсөлдөгч Apple компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлжээ.

Гэвч энэхүү өсөлтийн ард хүндрэлийн сүүдэр ч байсан. Huawei-ийн цэвэр ашиг 28 хувиар буурч, 62.6 тэрбум юань болсон. Компани энэ талаар тайлбарлахдаа, технологийн судалгаа, хөгжүүлэлтэд асар их хөрөнгө оруулсан гэдгийг онцолсон байна. 2024 онд Huawei нийт орлогынхоо 20.8 хувь буюу 179.7 тэрбум юанийг R&D буюу судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлд зарцуулжээ. Энэ нь өмнөх оны 164.7 тэрбум юаниас өссөн үзүүлэлт болж байна.

Huawei-ийн орлогын хамгийн том салбар болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтэц буюу ICT бизнесийн орлого 369.9 тэрбум юаньд хүрч, 4.9 хувиар өссөн байна. 5G болон шинэ үеийн 5.5G сүлжээний өргөн цар хүрээтэй нэвтрүүлэлт ийнхүү өсөхөд чухал нөлөө үзүүлжээ.

Мөн тус компани сүүлийн жилүүдэд АНУ-ын хоригийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор эрчим хүч, автомашин, үүлэн тооцоолол зэрэг шинэ бизнест түлхүү анхаарч эхэлсэн. Тухайлбал, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний шийдэлд төвлөрдөг "Digital Power" салбарын орлого 24.4 хувиар өсөж, 68.7 тэрбум юаньд хүрсэн. Харин үүлэн тооцооллын орлого 8.5 хувиар дээшилж, 38.5 тэрбум юаньд хүрч өссөн аж.

Шинэ салбаруудын дундаас хамгийн анхаарал татсан нь ухаалаг автомашины шийдлийн бизнес байв. Энэ салбарын орлого 474.4 хувиар огцом өсөлт үзүүлж, 26.4 тэрбум юаньд хүрчээ. Huawei энэхүү салбарт автомашины программ хангамж, жолоочийн туслах систем зэрэг шийдлүүдийг гуравдагч автомашин үйлдвэрлэгчдэд нийлүүлж эхэлсэн байна.

Huawei компанийн хувьд олон улсын зах зээлд Android системд ороход хязгаарлалттай, орчин үеийн чип хэрэглэх боломжгүй хэвээр буй нь томоохон сорилт хэвээр үлдэж байна. Гэсэн ч дотоодын зах зээлд эрчээ авсан сэргэлт, технологийн шинэ санаачилга тэдний хувьд өмнөх боломжийг нь тэлж өгчээ.   

mobile-logo