bnr-0
Илон Маскийн улс төрийн оролцоо бизнест нь асуудал дагуулж эхэллээ
04 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Теслагийн хувьцаа энэ оны эхний улиралд 36 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс 460 тэрбум ам.доллар алдлаа.
  • Ерөнхийлөгч Трампын засаг захиргаан дахь Илон Маскийн оролцоо олон улсын эсэргүүцэл, бойкот дагуулав.
  • Автомашины борлуулалт буурч, робо-такси зах зээлд нэвтрүүлэх амлалтууд биелэхэд эргэлзээ үүсчээ.
Теслагийн хувьцаа энэ оны эхний улиралд 36 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс 460 тэрбум ам.доллар хийсэн одов.

Tesla компанийн хувьцааны ханш 2025 оны эхний гурван сард эрчимтэй унаж, 15 жил олон нийтэд нээлттэй арилжсан түүхэндээ гурав дахь том хохирлыг амслаа. Ердөө гуравхан сарын дотор хувьцааны ханш нь 36 хувиар унаж, 460 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ нь хийсэн одовХамгийн сүүлд ийм хүнд уналт 2022 оны сүүлчээр болж байсныг зах зээл тод санаж байгаа. Тэр үед Илон Маск Твиттерийг 44 тэрбум доллараар худалдан авахын тулд 22 тэрбумын хувьцаагаа зарж байсан түүхтэй юм.

Энэ удаагийн нөхцөл байдал арай өөрөөр өрнөж байна. Маск одоо Дональд Трампын хоёр дахь засаг захиргаанд, төрийн хэмнэлтийн санаачилгыг тэргүүлж буй. Энэхүү DOGE нэртэй байгууллага гуравдугаар сарын 24-ний байдлаар 140 тэрбум долларын төсвийн зардлыг хэмнэсэн хэмээн мэдээлсэн ч энэ нь ““Tesla”-ийн зах зээлийн алдагдлын гуравны нэгтэй ч дүйхгүй.

Гэвч DOGE-ийн вебсайт өмнө нь алдаатай тоо баримт нийтэлж, хожим залруулсан нь хүмүүсийн итгэлийг сулруулж эхэлсэн юмИлон Маск ч мөн төсвийн үр ашиггүй зардал, залилангийн талаар хийсэн олон мэдэгдэл нь буруу, эсвэл хэтрүүлсэн болох нь ил болсон. Гэсэн ч тэрбээр энэ тавдугаар сар гэхэд 1 их наяд долларын хэмнэлт хийнэ гэж Fox News сүлжээнд өгсөн ярилцлагандаа ам гарсан хэвээр.

Хувьцааны үнэ буурсан шалтгааны нэг нь Илон Маскийн улс төрийн оролцоо юм. Түүнийг дагасан эсэргүүцлийн жагсаал, дэлгүүр рүү хийсэн халдлага, Tesla”-ийн автомашин шатаах зэрэг үйлдлүүд АНУ болон гадаадад олноор нэмэгдэж буй. Үүн дээр нэмээд тус улсын Ерөнхийлөгч Трампын хэрэгжүүлж эхэлсэн авто үйлдвэрлэлийн шинэ тарифууд Хятад, Мексик зэрэг Tesla”-ийн гол түншүүдэд дарамт болж эхлэн, хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлж байна. Үүний улмаас технологийн салбарын NASDAQ индекс ч 10 хувиар унаж, 2022 оноос хойших хамгийн муу улирлыг давлаа.

Нөгөө талаар Tesla”-ийн шинэ автомашины борлуулалт буурсан нь асуудлыг улам хүндрүүлж байна. Харин Илон Маск энэ зун Техаст жолоочгүй таксины үйлчилгээг нэвтрүүлнэ гэж мэдэгдсэн ч олон шинжээч энэхүү мэдэгдэлд эргэлзэж байна. Тэрбээр өмнө нь програм хангамжийн шинэчлэлээр одоогийн Tesla”-ийн машинуудыг робо-такси болгоно гэж амлаж байсан ч сүүлд нь дахин техникийн шинэчлэл хэрэгтэй тухай мэдэгдэж бүтэлгүйтсэн юм.

Хэдий Tesla”-ийн хувьцаа уналттай тулгарсан хэдий ч өмнө нь 2024 оны эхний улиралд 29 хувь унасан ч жилийн эцэст 63 хувийн өсөлттэй хааж байсан түүх бий. Илон Маск ч үүнийг хэлж, "Урт хугацаандаа Tesla сайн явна. Энэ бол магадгүй хөрөнгө оруулах боломж" гэж Висконсин мужид болсон улс төрийн цуглаан дээр ярьжээ. Гэвч одоогийн нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын хувьд "маш үнэтэй албан тушаал" болж буйг Илон Маск хүлээн зөвшөөрсөн нь нөхцөл байдал хүнд буйг илтгэж байна.   

mobile-logo