- Энэхүү сонсгол нь “TikTok”-ийн АНУ дахь ирээдүйг шийдэх чухал алхам болох бөгөөд тус аппликэйшнийг 2025 оны нэгдүгээр сарын 19-өөс эхлэн хориглох магадлалтай байна.
- Хэрэв уг хууль хэрэгжиж эхэлбэл, аппликэйшнийг урьд нь татаж авсан хэрэглэгчид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байж магадгүй ч шинэчлэлт хийх эсвэл дахин татаж авах боломжгүй болох аж.
- АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп “TikTok”-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх улс төрийн шийдэл олохыг уриалаад буй.
АНУ-ын Дээд шүүх ирэх баасан гарагт “TikTok”-ийг хориглох тухай хуулийн талаар нээлттэй сонсгол явуулахаар боллоо. Энэхүү сонсгол нь “TikTok”-ийн АНУ дахь ирээдүйг шийдэх чухал алхам болох бөгөөд тус аппликэйшнийг 2025 оны нэгдүгээр сарын 19-өөс эхлэн хориглох магадлалтай байна. Шүүхээр уг хориг АНУ-ын Үндсэн хуулийн үг хэлэх эрх чөлөөний тухай заалтыг зөрчиж байгаа эсэхийг хэлэлцэх юм.
“TikTok”-ийг эзэмшигч “ByteDance” компани тус аппликэйшнийг Америкийн компанид шилжүүлэн худалдахаас татгалзвал АНУ-д үндэсний хэмжээнд бүрэн хориглох нөхцөл үүсэж болзошгүй. Хэрэв уг хууль хэрэгжиж эхэлбэл, аппликэйшнийг урьд нь татаж авсан хэрэглэгчид үргэлжлүүлэн ашиглах боломжтой байж магадгүй ч шинэчлэлт хийх эсвэл дахин татаж авах боломжгүй болох аж.
“TikTok”-ийн 115 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй АНУ-ын хувьд энэхүү хориг нь олон хүнд сөргөөр нөлөөлөх бөгөөд контент бүтээгчид орлогоо алдах эрсдэлтэй тул “YouTube”, “Instagram” зэрэг бусад платформ руу шилжих шаардлагатай болох юм.
АНУ-ын Засгийн газар “TikTok”-ийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тагнуулын хэрэгсэл хэмээн үзэж хориглохыг дэмжиж байгаа бол нөгөө тал нь энэ үйлдлийг үг хэлэх эрх чөлөөг боогдуулсан, аюултай жишиг тогтоох эрсдэлтэй гэж үзэж байна. АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп “TikTok”-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх улс төрийн шийдэл олохыг уриалаад буй.
Хэргийг түргэвчилсэн журмаар хэлэлцэж байгаа тул Дээд шүүхийн шийдвэр богино хугацаанд гарах магадлалтай. Уг асуудал нь үг хэлэх эрх чөлөө болон үндэсний аюулгүй байдлын хоорондын тэнцвэрийг тогтоох чухал ач холбогдолтой гэж Беркли хуулийн сургуулийн декан Эрвин Чемерински онцолжээ.