- Экрэм Имамоглуг авлигын хэргээр баривчилсны дараа эсэргүүцэл өрнөж эхэлжээ.
- Эсэргүүцлийн төв цэг нь Туркийн CHP намын хяналттай томоохон хотууд болж байна.
- Жуулчдын хувьд улс төрийн эмх замбараагүй байдлаас үүдэн тус улсад зорчихоос түр татгалзах нь зүйтэй.

Туркт Истанбул хотын захирагч, сөрөг хүчний CHP буюу Бүгд Найрамдах Ардын Намаас 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч Экрэм Имамоглуг баривчилсны эсрэг жагсаал цуглаан хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Гуравдугаар сарын 19-нд Имамоглуг авлигын хэргээр саатуулснаас хойш Истанбул, Анкара, Измир зэрэг CHP намын хяналттай гол хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа бөгөөд зарим газарт цагдаагийн хүчтэй хариу үйлдэл, хүч хэрэглэх явдал ч гарчээ.
Жагсагчид түүнийг улс төрийн зорилгоор баривчилсан гэж үзэж, олон нийтийн дэмжлэгийг татахын төлөө нэгдэж буй. Имамоглу нь 2019 онд Истанбулын захирагчаар сонгогдсон нь тус хотын эрх баригч намын олон арван жилийн ноёрхлыг тасалж чадсан стратегийн ач холбогдолтой ялалт байсан юм. Тиймээс түүнийг 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний гол найдвар хэмээн олон хүн харж буй.
Турк улс одоогоор Рамадан баярын ес хоногийн буюу дөрөвдүгээр сарын 7 хүртэл бүх нийтийн амралттай байгаа бөгөөд энэ хугацаа эсэргүүцлийг хоёр талаар хөтлөх эрсдэлтэй юм. Нэг талаар иргэд амралтаа гэр бүлээрээ өнгөрүүлэх сонголт хийснээр жагсаал буурч болзошгүй ч, нөгөө талаар чөлөөт цаг ихтэй энэ үед эсэргүүцлийн хөдөлгөөнийг илүү зохион байгуулалттайгаар үргэлжлүүлэх бэлтгэл хийх боломжтой гэдгийг ажиглагчид онцолж байна.

Цагдаагийн хүч хэрэглэсэн хариу үйлдэл нэмэгдэх тусам олон нийтийн дургүйцэл эрчимжиж, эсэргүүцлийн цар хүрээ улам тэлэх эрсдэлтэй байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулж байна. Эрх баригчид жагсаалыг намжаах оролдлого хийж байгаа ч Имамоглугийн хэрэг олон нийтийн итгэл үнэмшил, 2028 оны сонгуулийн орчны суурь асуудал болон хувирч болзошгүй шинжтэй байна.
Ийм нөхцөл байдалд, ялангуяа Истанбул болон бусад томоохон хотуудад улс төрийн хурцадмал байдал нэмэгдэж, аюулгүй байдал эрсдэлд орж буй тул Монголын жуулчдын хувьд Туркт аялах шийдвэрээ хойшлуулах нь зүйтэй байж болзошгүйг холбогдох байгууллагууд зөвлөж байна. Зорчихоор төлөвлөж буй иргэд зорчих нөхцөл байдлыг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх нь чухал юм. Монгол улсын Гадаад харилцааны яамны хувьд одоогоор Туркт аялах болон тус улсад оршин суугаа Монгол иргэдтэй холбоотой ямар нэг анхааруулга гаргаагүй байна.