bnr-0
Жилийн маркетингийн зардал нь ₮5 тэрбумаас дээш 22 компани байна
02 сарын 14, 2025
ХУВААЛЦАХ
  • Өнгөрөгч онд Монгол Улсын ТОП 50 компанийн маркетингийн батлагдсан төсөв 156 тэрбум төгрөгт хүрч, 2022 оноос 30 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • Энэ талаар “Mongolian Marketing Consulting Group” 2024 оны тайландаа дэлгэрэнгүй танилцууллаа.
  • Эдгээр компаниудаас хамгийн өндөр маркетингийн зардал гаргасан нь 10 тэрбум төгрөгт хүрчээ.
2022 онтой харьцуулахад топ 50 компанийн маркетингийн төсөв 2024 онд 24 хувиар өсчээ

2024 онд Монгол Улсын топ 50 компанийн маркетингийн зардал 156 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ талаар “Mongolian Marketing Consulting Group” 2024 оны тайлангаа танилцууллаа. “Эм Эм Си Жи” ХХК-аас хоёр жил тутамд зохион байгуулдаг “CMO судалгаа” нь манай улсад тогтмол маркетингийн үйл ажиллагаа явуулж буй топ 50 компанийн маркетингийн захирлуудыг оролцуулдаг. 2024 онд судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь борлуулалтын өсөлттэй ажилласан байна.

Ковид-19 цар тахлын дараах үетэй харьцуулахад маркетингийн төсөв 2024 онд 24 хувиар нэмэгджээ. Энэхүү өсөлт нь зах зээл, хэрэглээний өсөлттэй уялдан нэмэгдэж буйг харуулж байна. 2024 онд Монгол Улсын ТОП 50 компанийн маркетингийн үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн төсөв нь дунджаар 3.5 тэрбум төгрөг байна. Энэ нь хамгийн багадаа 375 сая төгрөг, хамгийн ихдээ 10 тэрбум төгрөгт хүрчээ.

2024 онд компаниудын төлөвлөсөн маркетингийн төсөв илүү том ангилал руу шилжиж, гурван тэрбум төгрөгөөс дээш маркетингийн төсөвтэй байгууллагуудын эзлэх хувь нэмэгдэв. Тухайлбал, 3-5 тэрбум төгрөгийг маркетингдаа зарцуулж байсан компани 2022 онд 20 байсан бол 2024 онд 32 болж нэмэгджээ. Харин 5 тэрбум төгрөгөөс дээш маркетингийн зардалтай компаниудын тоо есөөр нэмэгдэж 22-т хүрчээ.   

mobile-logo