- 55 га талбай дээр байгуулагдах энэ станц нь жилдээ 37сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх чадалтай юм.
- Энэ станц ашиглалтад орсноор импортоор өндөр үнээр авах эрчим хүчний хэмжээг бууруулна.
Сэргээгдэх эрчим хүчний энэ цахилгаан станц нийт 55 га талбай дээр байгуулагдаж, жилд 37сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх чадалтай юм байна. Энэ төслийг “Би Эй Эф Эс Экс Монголиа” ХХК болон “Солар Энержи Чандмань” ХХК хамтран хэрэгжүүлж, 20,000 айлыг эрчим хүчээр хангаж, нүүрс хүчлийн хийг 32,000 тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг жилд ойролцоогоор 22,000 тонноор бууруулна гэсэн урьдчилсан судалгаа тооцоо хийснээ шав тавих ёслолын үеэр танилцуулж байлаа. Станцыг барих гарааны зардал өндөр ч яваандаа зардлаа нөхөх бүрэн боломжтой. Монгол орон жилийн 365 өдрийн 280 орчимд нь нартай байдаг тул, станц тогтвортой ажиллах бүрэн боломжтой. Нөөц нь шавхагдахгүй, дахин сэргээгдээд л явна. Станц ашиглалтад орсноор хэрэглээний оргил цагаар ОХУ-ас өндөр үнээр эрчим хүч авдаг байдлыг багасгаж, мөн энэ бүс нутагт шинэ ажлын байр, үйлдвэрлэл дагаад хөгжих давуу талтай аж. Энэ станц нь эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй батарей хуримтлууртайгаа хамт баригдаж байгаагаараа онцлог. Тайландын 100 хувь хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа энэ станцыг ирэх оны намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.