- Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд дунджаар 6 хувь, хэрэглэгчдийн тоо 5 хувиар өсөж байна.
- Гэр хорооллын цахилгааны үнийн хөнгөлөлт, өвлийн хүлэмжийн тарифын хөнгөлөлтөд шаардагдах төсвийг төсөлд тусгажээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын хүрээнд эрчим хүчний тарифын шинэчлэлийг эхлүүлэхэд шаардагдах шилжилтийн зардлыг төсвөөс олгохоор болсонтой холбогдуулан “Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ”,“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иуд болон дулаан үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжид татаас олгохгүй байхаар 2025 оны улсын төсвийн төсөлд тусгаж өгчээ. Тарифын өөрчлөлттэй уялдаж төсвийн байгууллагын цахилгаан, халаалтын зардал нэмэгдэх боловч эрчим хүч, дулааны зохистой хэрэглээг нэвтрүүлэх, хэмнэхэд чиглэсэн арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх болно гэжээ. Түүнчлэн ирэх оны төсөвт гэр хорооллын цахилгааны үнийн хөнгөлөлт, өвлийн хүлэмжийн аж ахуйн цахилгааны тарифын хөнгөлөлтөд шаардагдах зардлыг тусгажээ.Цаашид бий болох эрсдэлийг бууруулах, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх зорилгоор шинэчлэл хийх шилжилтийн үеийн зардлыг 2024 оны төсөвт тусгасан байна. Уг арга хэмжээг ирэх онд үргэлжлүүлэн шилжилтийн үеийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж 50.0 тэрбум төгрөг хуваарилахаар төсөвт тусгажээ.Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл жилд дунджаар 6 хувиар, хэрэглэгчдийн тоо 5 хувиар өсөж байна. Хэрэглэгчдийн эрчим хүчний тариф нь үйлдвэрлэлийн бодит өртгөөс доогуур байгаа нь үр ашгийг бууруулж, эрчим хүчний салбар алдагдалтай ажиллахад хүргэж байна. Монгол Улсын эрчим хүчний тарифыг олон улстай харьцуулахад айл өрхийн цахилгааны үнэ дунджаар 70 хувь, аж ахуйн нэгж байгууллагынх 60 хувиар хямд байгаа юм. Эрчим хүчний нийлүүлэлт тасалдах нь бодит салбаруудын үйл ажиллагааг хязгаарлаж, эдийн засгийн бүтээмжийг хязгаарлах, улмаар төлөвлөгдөөгүй засварын зардал нэмж гарах эрсдэлтэй гэж үзэн тарифын шинэчлэлийг ойрын үед хийнэ гэсэн хүлээлт энэ салбарынханд өндөр байна.