bnr-0
“Nvidia”-ийн зах зээлийн нийт үнэлгээ “Apple”-ийг давж, дэлхийн хоёр дахь хамгийн үнэ цэнтэй компани боллоо
06 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • “Nvidia” компанийн зах зээлийн нийт үнэлгээ лхагва гарагийн арилжаагаар 3 их наяд ам.долларт хүрч, технологийн гигант “Apple” компанийн үнэлгээг давлаа.
  • Арилжаа хаагдах үед “Nvidia” 3.019 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байсан бол “Apple” 2.99 их наяд ам.доллароор үнэлэгдэж байжээ.
  • “Nvidia” хувьцааны хувьд “Apple”-аас илүү тогтворгүй байсан ч өнгөрсөн тавдугаар сард эхний улирлын ашгаа тайлагнаснаас хойш тус компанийн хувьцааны ханш 24 гаруй хувиар өсөөд буй.
“Nvidia” компанийн зах зээлийн нийт үнэлгээ лхагва гарагийн арилжаагаар 3 их наяд ам.долларт хүрлээ.

“Nvidia” компанийн зах зээлийн нийт үнэлгээ лхагва гарагийн арилжаагаар 3 их наяд ам.долларт хүрч, технологийн гигант “Apple” компанийн үнэлгээг давлаа. Ингэснээр чип үйлдвэрлэгч тус компани нь дэлхийн хөрөнгийн зах зээлд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилждаг хоёр дахь хамгийн үнэ цэнтэй компани болж байгаа юм.

Тус компанийн хувьцааны ханш лхагва гаргийн арилжаагаар 5 хувиар өсөж, 3 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн юм. Арилжаа хаагдах үед “Nvidia” 3.019 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байсан бол “Apple” 2.99 их наяд ам.доллароор үнэлэгдэж байжээ.

Зах зээлийн нийт үнэлгээгээр “Microsoft” компани 3.15 их наяд ам.доллароор үнэлэгдэж, олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилждаг хамгийн үнэ цэнтэй компанийн байр сууриа хадгалсаар байна.

1993 онд үүсгэн байгуулагдсан “Nvidia” компани нь анх видео тоглоомын зах зээлийг зорилтот зах зээлээрээ сонгож, 3D компьютер тоглоом тоглох техник хангамж борлуулах зорилготой байсан бөгөөд өдгөө хиймэл оюуны чип үйлдвэрлэлийн зах зээлийн 80 хувийг дангаар эзэлж байна.

“Nvidia” хувьцааны хувьд “Apple”-аас илүү тогтворгүй байсан ч өнгөрсөн тавдугаар сард эхний улирлын ашгаа тайлагнаснаас хойш тус компанийн хувьцааны ханш 24 гаруй хувиар өсөөд буй. Харин iPhone үйлдвэрлэгчийн борлуулалтын өсөлт сүүлийн саруудад зогсонги байдалтай байгаа бөгөөд “Apple”-ийн хувьцааны ханш он гарсаар 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.   

 

mobile-logo