bnr-0
Нидерланд болон Саудын Арабын Хаант улсуудтай агаарын тээврийн салбарт хамтран ажиллана
10 сарын 23, 2024
ХУВААЛЦАХ
  • Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж байна.
  • Агаарын тээврийн шинэ зах зээлд нэвтрэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Малайз улсын Куала Лумпур хотноо болж байгаа Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын хэлэлцээрийн хуралд  манай улсаас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр Нидерландын Хаант Улсын төлөөллүүдтэй уулзаж, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж байна.

Мөн Саудын Арабын Хаант улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа.

Эдгээр хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх нь олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлж, улс хоорондын агаарын харилцааг сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын харилцааны хэлэлцээрийн хурал нь 2008 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, шинэчлэх зорилготой тус хурал нь Олон улсын иргэний байгууллагын санаачилгаар хийгддэг агаарын тээврийн хэлэлцээрүүдийг төвлөрүүлэн богино хугацаанд олон улс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шууд хэлэлцээр хийх боломжийг олгодог.

Хуралд оролцогч улсууд олон талын хэлэлцүүлэг хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ зах зээлийг нээлттэй болгож, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Мөн ICAN нь цаг хугацаа болон зардлыг хэмнэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, улс орнуудын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тус хуралд Монгол Улсаас 2013 болон 2018 онд оролцож байсан бөгөөд энэ жил 3 дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн “ICAN2024” хурал нь 10 дугаар  сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж, нийт 83 улс, хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцож байна.  

mobile-logo