bnr-0
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Ламын Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна
09 сарын 30, 2024
ХУВААЛЦАХ
  • Монгол, Вьетнам улсууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил болж байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэнэ гэж ЕТГ-ын албан мэдээнд онцолжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам өнөөдрөөс хоёр өдрийн хугацаатай Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

 Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.

Монгол, Вьетнам улсууд 1954 оны 11-р сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Монгол улсаас анхны Элчин сайд Баянбаатарын Очирбат томилогдож Вьетнамын удирдагч Хо Шиминд Итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ.

БНМАУ-ын Засгийн газар Вьетнамд 1956–1990 oнд нийтдээ 200 сая гаруй төгрөгийн (хуучин ханшаар) буцалтгүй тусламж үзүүлжээ. Үүний зэрэгцээ Монголын oлoн нийтийн байгууллагуудын шугамаар 904.8 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байжээ. Мөн 1959 oнд бэлэг бoлгoн өгсөн 100 мянган тoлгoй малаас үлдсэн 85 мянган тoлгoй малын oрoнд гуравдагч oрнooс үржлийн үхэр худалдан авахад нь зoриулж 1,5 сая ам.дoллар өгч байсан гээд 1990 оноос өмнө манай улс тус улсад тусламж дэмжлэг үзүүлсээр байжээ. 1958 оноос хойш 2020 оныг хүртэл 155 оюутан Вьетнам улсаас ирж, Монголын их, дээд сургуульд суралцаж төгссөн. Одоо Вьетнам улс нь Азийн богино хугацаанд үсрэнгүй хөгжиж байгаа орны нэг. Манай хоёр улсын хооронд 2023 оны жилийн эцсийн дүнгээр нийт худалдааны эргэлт 42.2 хувиар өсөж, 80.2 сая ам.доллар (Экспорт 0,5 сая ам.доллар, импорт 79,7 сая ам.доллар)-т хүрэв. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна.

mobile-logo