bnr-0
2025 оны санхүүгийн зорилгоо хэрхэн тодорхойлох талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө
12 сарын 20, 2024
ХУВААЛЦАХ
Санхүүгийн байдалдаа дүгнэлт хийж, жижиг алхмуудаас эхлэн хэрэгжихүйц зорилго тавьснаар зөвхөн 2025 ондоо ч бус, урт хугацаанд санхүүгийн амжилтад хүрэх боломжтой.

Шинэ он дөхөх тусам хүн бүр өнгөрсөн жилийн санхүүгийн шийдвэр, зуршлаа эргэн харж, ирэх жилээсээ илүү сайн төлөвлөлт хийхийг хүсдэг. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд амьжиргааны зардал нэмэгдэж, цалингийн өсөлт удааширч байгаа нь санхүүгийн зохицуулалт хийхэд улам хэцүү болгож байна. Судалгаагаар америкчуудын талаас илүү хувь нь цалингаас цалингийн хооронд амьдарч байна гэсэн дүн гарчээ. Тэгвэл 2025 ондоо санхүүгээ хэрхэн үр дүнтэй төлөвлөх талаар мэргэжилтнүүд дараах зөвлөгөөг өгч байна. 

Өөртөө хэт хатуу битгий ханд

Өнгөрсөнд гаргасан алдаандаа хэт их анхаарч өөрийгөө буруутгахын оронд, алдаанаасаа суралцаж, юуг сайжруулах боломжтой вэ гэдэгтээ төвлөрөхийг санхүүгийн сэтгэл зүйч Викки Рейналь зөвлөжээ. Санхүүгийн чадвар нь дадлагажих тусам сайжирдаг зүйл тул алдаагаа өөрийгөө хөгжүүлэх алхам гэж харвал илүү үр дүнтэй гэнэ. Санхүүгээ зохицуулах нь сурч болдог чадвар тул алдаанаасаа суралцан, өсөж хөгжих боломж гэж харах хэрэгтэй гэнэ.

Суурь зүйлсэд анхаарлаа хандуул

“Hargreaves Lansdown” компанийн хувийн санхүүгийн зөвлөх Сара Коулс санхүүгийн бат бөх суурийг бий болгохын тулд дараах алхмыг хийхийг зөвлөж байна:

  1. Өр зээлээ хянах: Богино хугацааны зээлээ бууруулах.

  2. Гэр бүлийн санхүүгийн хамгаалалт: Амь насны даатгал хийлгэх, эсвэл гэрээслэл үйлдэх.

  3. Гэнэтийн санхүүгийн хэрэгцээнд зориулж хамгаалалт үүсгэх: Амьжиргааны зардлаа 3-6 сар хангах хэмжээний хуримтлал үүсгэх.

  4. Тэтгэврийн хадгаламждаа анхаарах: Ирээдүйд эдийн засгийн эрх чөлөөтэй байхын тулд хуримтлалаа нэмэгдүүлэх.

  5. Хөрөнгө оруулалт хийх: Мөнгөө өсгөх боломжийг судалж, ухаалаг хөрөнгө оруулалт хийх.

Хялбар, ойлгомжтой байдлаар төсвөө гарга

Тамара Харел-Коэн хэт нарийн төвөгтэй төсөв гаргах нь төдийлөн үр дүнтэй биш хэмээн үздэг аж. Үүний оронд зорилгоо энгийн бөгөөд амьдралд ойр байхаар тодорхойлох хэрэгтэй. Түүнчлэн өдөр бүр 5-10 минутыг санхүүгийн байдалдаа хяналт тавихад зориулах нь урт хугацааны амжилтад хүрэх эхлэл болж чадна.

Жижиг зорилгоос эхэл

Том зорилго тавьж, богино хугацаанд үр дүн хүсэх нь хүнд дарамт мэдрүүлэх эрсдэлтэй. Үүний оронд бага, ойлгомжтой алхмаас эхэл. Жишээлбэл аялал ч юм уу ирээдүйн ямар нэгэн төлөвлөгөөндөө зориулан сар бүр багахан мөнгө автоматаар хадгалах боломжтой данс нээх нь ухаалаг алхам болж чадна.

Мөнгө зарцуулалтдаа хянуур бай

Өөрийгөө үе үе эрхлүүлж байх хэрэгтэй талаар “King’s Business School” санхүүгийн ахлах багш Илва Бэкстрём зөвлөжээ. Түүнчлэн мөнгөө үрэхдээ сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгааг мэдэр. Хэрэв зардал тань танд сэтгэлийн түгшүүр үүсгэж байвал багасгах хэрэгтэй. Харин баяр баясал, сэтгэл ханамж авчирч байвал боломжтой хэмжээнд үргэлжлүүлж болох аж.

Дүгнэлт

Санхүүгийн байдалдаа дүгнэлт хийж, жижиг алхмуудаас эхлэн хэрэгжихүйц зорилго тавьснаар зөвхөн 2025 ондоо ч бус, урт хугацаанд санхүүгийн амжилтад хүрэх боломжтой. Мэргэжилтнүүдийн дээрх зөвлөгөөг хэрэгжүүлснээр та өөрийн ирээдүйг баталгаатай, тогтвортой байлгах эхлэлийг тавьж чадах юм.

mobile-logo