bnr-0
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас эхлүүлнэ
09 сарын 19, 2024
ХУВААЛЦАХ
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх арга хэмжээ авна.
  • Иргэд 1072 хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр арилждаг болно.
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн засаглалыг сайжруулахад олон улсын компаниудаас зөвлөх үйлчилгээ авах аж.
"Эрдэнэс тавантолгой" ХК-ийг нээлттэй компани болгох замаар засаглалыг нь сайжруулна.

Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулахад олон улсын компаниудаас менежментийн зөвлөх үйлчилгээ авах асуудлыг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Өнөөдрийг хүртэл төрийн өмчийн мэдэлд байсан, ашиг орлого нь төсвийн цоорхойг нөхөх эсвэл сонгуулийн зардлыг санхүүжүүлдэг байдлыг бүрэн өөрчилж, борлуулалтыг нь нэмэгдүүлэх цаг болсон. Олсон орлогоо юунд яаж зарцуулсан мэдээлэл нь ил тод биш. Улс төрийн нөлөөлөл төрийн өмчит компаниудад их гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээлэх үеэр танилцуулсан.  Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацаатай үүрэг өгч, төрийн мэдэлд байгаа хувьцаат компаниудыг  ирээдүйд туршлагатай, чадварлаг баг удирдаж, олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах замаар засаглалыг нь сайжруулж,ашиг орлогыг нь өсгөж, хувьцааны ханш нь өсдөг буурдаг, үр өгөөжөө өгдөг тогтолцоо руу шилжүүлэх ажлыг яаравчлах чиглэл өгчээ.

Энэ ажлыг Монголын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компаниас эхлүүлэхээр болсон тухай мэдэгдлээ. Тус компанийг олон нийтэд нээлттэй компани болгож өөрчилнө. Үүний тулд олон улсын компаниас зөвлөх үйлчилгээ авах аж.Энэ ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлаж, хүссэн бүх компани тендерт оролцох боломжоор тэгш хангана.Нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх арга хэмжээ авахаар болжээ.Энэ компанийн хувьцааны 27 хувийг иргэд эзэмшдэг ч энгийн хувьцаа биш учраас хувьцаагаа худалдаж, арилжаалах эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байгаа юм.   

mobile-logo