- ОУВС: ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2025 онд 3.2 хувиас 1.5 хувь болж саарах таамаглалыг дэвшүүлжээ.
- АНУ-ын эдийн засагт тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн ялалт байгуулах нь ч нөлөөлнө.
- Евро бүсийн эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар хагаст болон ирэх онд онцын том өөрчлөлтгүй, хэвээр хадгалагдах төлөвтэй байна.
Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд 3.3 хувь орчимд тогтвортой хадгалагдана гэж тооцоолж байна. Дэлхий нийтэд инфляцын түвшин аажмаар буурах хандлага ажиглагдаж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг сулруулах боломжийг олгож, эдийн засгийн идэвхжилийг дэмжихээр байна. Гэсэн хэдий ч геополитикийн тогтворгүй нөхцөл байдал хурцдах, голлох эдийн засгуудын өсөлт удаашрах, инфляц төсөөллөөс удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах зэрэг эрсдэлүүд дэлхийн эдийн засгийн төлөвийг муутгаж болзошгүй хэвээр байна. Ингээд 2025 онд нөлөө бүхий улс гүрнүүдийн эдийн засаг ямар байх төлөвийг товч танилцуулья.
БНХАУ: БНХАУ-ын эдийн засаг 2024 оны эхний хагас жилд 5.0 хувиар өслөө. Энэ оны эхний улирлын хувийн хэрэглээ болон экспортын гүйцэтгэл төсөөллөөс сайн байсантай холбоотойгоор ОУВС тус улсын эдийн засгийн өсөлтийг 2024 оны эцэст 5.0 хувь, 2025 оны төсөөллийг 4.5 хувь байх болов уу гэж таамаглал дэвшүүлж байна. Гэсэн хэдий ч 2024 оны эхний хагас жилийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 10.1 хувиар, борлуулалт 25.0 хувиар тус тус буурч, салбарын уналт үргэлжилсэн хэвээр байгаа нь худалдааны эргэлт болон дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн эрэлт, үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэл хэвээр байна. Цаашид тус улс эдийн засгийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээний цар хүрээг хэр тэлж чадсанаар дэлхийн эдийн засгийн төлөв тодорхойлогдохоор байна.
ОХУ: ОХУ-ын эдийн засаг 2024 оны эхний улиралд 5.4 хувиар өсжээ. Эдийн засгийн өсөлтөд Украинд болж буй дайнтай холбоотой цэрэг армийн зардлын өсөлтөөс шалтгаалсан төсвийн тэлэлт голлон нөлөөлсөн.Цаашид энэ байдалтай холбоотойгоор ОХУ-ын эдийн засагт тогтворгүй байдал үргэлжлэх төлөвтэй байна. Тус улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 3.2 хувь, 2025 онд бүр 1.5 хувь орчимд байна гэж Олон улсын валютын сан тооцоолж байна.
АНУ: Хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөгөөр АНУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны хоёрдугаар улиралд 2.8 хувьд хүрч эрчимжлээ. 2022 оны зургаадугаар сард 9.1 хувьд хүрээд байсан инфляц 2024 оны зургаадугаар сард 3 хувь болж буурч, үнийн өсөлт саарах хандлага ажиглагдаж байгаа нь бодлогын хүү буурах хүлээлтийг нэмэгдүүлж байна.Тус улс саяхан бодлогын хүүгээ 0.5 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Тус улсын эдийн засаг 2024 онд 2.6 хувиар өсөх бол 2025 онд хөдөлмөрийн зах зээлийн халалт намжиж, хэрэглээний өсөлт саарах нөлөөгөөр эдийн засгийн өсөлт 1.9 хувьд хүрч саарна гэж Олон улсын валютын сангийн шинжээчид урьдчилан тооцоолж байна. Тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд одоо нэр дэвшин өрсөлдөж байгаа Дональд Трамп, Камала Харрис нарын хэн нь сонгуульд ялалт байгуулахаас бас их зүйл шалтгаалах аж.
Евро бүс: Инфляцыг хязгаарлахаар хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа суларч, евро бүсийн эдийн засгийн өсөлт 2023 онд хүлээлтээс доогуур буюу 0.4 хувь байлаа. Инфляцын дарамт буурсантай холбоотойгоор Европын төв банк бодлогын хүүг 2024 оны эхний хагас жилд 2019 оноос хойш анх удаа бууруулаад байна. Мөнгөний бодлогын нөлөөгөөр тус бүсийн эдийн засаг 2024 онд 0.9 хувиар өсөх бол хэрэглээ болон хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөгөөр өсөлт 2025 онд 1.5 хувьд хүрч нэмэгдэнэ гэж тооцоолж байна.