bnr-0
Монгол нүүрсний Хятадад нийлүүлэх үнэ дахин унаж, борлуулалт саарлаа
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Ганцмод боомтоор нэвтэрч буй нүүрсний үнэ нэг тонн нь 99.9 ам.долларт хүрч буурлаа.
  • "Energy Resources" болон "Эрдэнэс-Тавантолгой" худалдан авагчгүй цахим арилжаа хийв.
  • Сэхээ–Мандал боомтуудаар нэвтэрсэн нүүрсний машин 20 орчим хувиар цөөрчээ.
Сэхээ–Мандал боомтуудад ч нүүрсний тээвэрлэлт саарсан хэвээр байна.

Монголын коксжих нүүрсний экспорт зургаадугаар сар гарсаар БНХАУ-ын хилийн боомтуудад идэвхгүй хэвээр байна. Үнийн уналт үргэлжилж, томоохон уурхайн компаниудын цахим дуудлага худалдаа үр дүнгүй болж байгаа нь нийлүүлэлтийн нөхцөл хүндэрснийг илтгэж байна.

Ганцмод боомтод Монголын угаагаагүй 5-р зэрэглэлийн коксжих нүүрсний ханш тавдугаар сарын 30-ны байдлаар тонн тутамд 725 юань буюу 99.9 ам.доллар болж, долоо хоногийн дотор 40 юаниар буурав. Харин “Energy Resources” компани нэг тонн хатуу коксжих нүүрсийг 767 юань буюу 105.7 ам.доллараар санал болгосон ч худалдан авагч олдоогүй нь дөрөвдүгээр сараас хойших 16 дахь удаагийн дуудлага худалдаа амжилтгүй болсныг илэрхийлжээ.
Зах зээлд эрэлт буурч буй нь зөвхөн үнэ төдийгүй тээвэрлэлтийн тоонд ч харагдаж байна. Тавдугаар сарын сүүлийн таван өдөрт Ганцмод боомтоор нэвтэрсэн нүүрс тээврийн машинуудын тоо дунджаар 851 болж, өмнөх долоо хоногоос 4 хувиар буурсан байна. Энэ хугацаанд агуулах дахь нүүрсний нөөц тасралтгүй өссөөр зургаадугаар сарын 2-ны байдлаар 4.06 сая тоннд хүрсэн нь сүүлийн дөрвөн долоо хоног дараалан өссөн үзүүлэлт юм.
Тээвэрлэлтийн зардал ч дагаад буурчээ. Цагаанхад–Ганцмод чиглэлийн богино тээврийн зардал нэг тонн нүүрс тутамд 5 юаниар хямдарч, НӨАТ-гүй 55 юань буюу 7.6 ам.доллар болсон байна. Гэвч энэ нь нийлүүлэлтийн нөхцөлд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж чадахгүй байна. Сэхээ–Мандал боомтуудад ч нүүрсний тээвэрлэлт саарсан хэвээр байна. Сэхээ боомтоор хоногт нэвтэрсэн нүүрс тээврийн машин 556 болж, 22 хувиар буурсан бол Мандал боомтоор нэвтэрсэн машин 124 болж, 18 хувиар цөөрчээ. Энэ хоёр боомтод нүүрсний үнэ тогтвортой байгаа ч худалдан авалт сул хэвээр байна. Мандал боомтод угаасан нүүрс 745 юань буюу 102.7 ам.долларын үнэтэй байгаа ч худалдаачид бараг борлуулалт хийж чадахгүй байна.
Цахим дуудлага худалдааны үр дүн ч дагаад муу байгаад шинжээчид хэлж байна. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 179,200 тонн түүхий нүүрсийг дуудлага худалдаанд оруулсан ч нэг ч худалдан авагч олдоогүйгээс бүх дуудлага хүчингүй болжээ.
Эдийн засгийн шинжээчдийн таамаглаж буйгаар, БНХАУ-ын дотоодын коксжих нүүрсний үнэ цаашид ч буурах хандлагатай байгаа нь Монголын экспортод дарамт үүсгэсээр байх төлөвтэй байна. Зуны улиралд гангийн үйлдвэрлэл улирлын шалтгаанаар саардаг нь түүхий эдийн зах зээлд ойрын хугацаанд сэргэлт гарах нөхцөлийг хязгаарлаж байна.   

mobile-logo