bnr-0
Тураах эмийн луйвар интернэтэд газар авч байна
12 сарын 09, 2024
ХУВААЛЦАХ
  • “Ozempic”, “Wegovy”, “Mounjaro” зэрэг эмийн хомсдол, өндөр үнэ мөн зарим хүмүүсийн эмчийн жоргүйгээр авах гэсэн оролдлого нь зах зээлд хуурамч бүтээгдэхүүн газар авахад хүргэжээ.
  • Луйварчид вебсайт, TikTok зэрэг сошиал медиа платформ, мессежийн аппликейшнээр дамжуулан хүмүүсийг урхидаж, хямд үнэтэй эм амлан мөнгийг нь залилдаг аж.
  • Мэргэжилтнүүд зөвхөн зөвшөөрөгдсөн эмийн сангаас худалдан авалт хийх, хэтэрхий хямд үнэтэй бүтээгдэхүүнээс болгоомжлохыг зөвлөж байна.
Хуурамч бүтээгдэхүүнээс болж 14 хүн нас барсан талаар “Ozempic” эмийг үйлдвэрлэдэг “Novo Nordisk” компани мэдээлжээ.

Жин бууруулах үйлчилгээтэй “Ozempic”, “Wegovy”, “Mounjaro” зэрэг эмийн эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор интернэт орчинд хуурамч эмийн луйвар газар авч байна. Эдгээр эмийн хомсдол, өндөр үнэ мөн зарим хүмүүсийн эмчийн жоргүйгээр авах гэсэн оролдлого нь зах зээлд хуурамч бүтээгдэхүүн газар авахад хүргэжээ.

Хуурамч эм хэрэглэсний улмаас олон хүн эрүүл мэндээрээ хохирч, бүр амь насаа алдах тохиолдол гараад буй аж. Тухайлбал, хуурамч бүтээгдэхүүнээс болж 14 хүн нас барсан талаар “Ozempic” эмийг үйлдвэрлэдэг “Novo Nordisk” компани мэдээлжээ.

Луйварчид вебсайт, TikTok зэрэг сошиал медиа платформ, мессежийн аппликейшнээр дамжуулан хүмүүсийг урхидаж, хямд үнэтэй эм амлан мөнгийг нь залилдаг аж. Зарим тохиолдолд хуурамч хүргэлтийн дугаар өгч, эсвэл "гаалийн нэмэлт төлбөр" нэрээр дахин мөнгө салгах явдал түгээмэл байна.

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд жин бууруулах эм хайж буй хүмүүсийг онилсон олон мянган хуурамч вебсайт, фишинг оролдлого илрүүлжээ. Түүнчлэн эмийн хомсдолын үед хууль ёсоор эм хуулбарлан үйлдвэрлэх зөвшөөрөлтэй зарим үйлдвэр ч аюулгүй байдлын дүрмийг зөрчдөг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй аж.

Сошиал медиа платформууд хууль бус худалдаачдыг таслан зогсоох оролдлого хийж байгаа ч луйварчид нэрээ өөрчлөх, шинэ данс нээх замаар амархан дасан зохицдог аж. Мөн инфлюнсерүүд, алдартнууд өөрсдийн жингээ хассан туршлагаа олон нийтэд хуваалцсанаар эдгээр эмийн эрэлтийг улам нэмэгдүүлж байна.

“Eli Lilly”, “Novo Nordisk” тэргүүтэй эм зүйн компани хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шүүхэд өгч, өөрсдийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа ч зах зээл дэх хомсдол бүрэн арилаагүй хэвээр буй. Тиймээс мэргэжилтнүүд зөвхөн зөвшөөрөгдсөн эмийн сангаас худалдан авалт хийх, хэтэрхий хямд үнэтэй бүтээгдэхүүнээс болгоомжлохыг зөвлөж байна.   

 

mobile-logo