- Төрийн албан хаагчдыг ажилласан жилтэй нь уялдуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.
- Хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй тохилог сууц барихад ипотекийн зээл авдаг болно.
Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд 150 мянган айлыг орон сууцтай болгохоор төлөвлөж байна.150 мянган айлын орон сууц зөвхөн Улаанбаатар хот гэлгүй, хөдөө орон нутагт ч баригдана. Зөвхөн орон сууц гэж явцууралгүй амины тохилог сууцтай болоход бас ипотекийн зээл авч болно. Ингэснээр нийслэлийн хэт төвлөрлийг сааруулна гэж эрх баригчид үзэж байна. 150 мянган айлыг орон сууцтай болгохын тулд 2025 оны төсвийн жилд Хуримтлалын сангаас 562.1 тэрбум төгрөг, Монголбанкны эх үүсвэрээр 500 орчим тэрбум төгрөг, арилжааны банкны эх үүсвэрээр 300 орчим тэрбум төгрөг гээд нийт 1.3 их наяд гаруй төгрөгийг зээлийн эх үүсвэрт гаргах юм. Үүний 50-иас доошгүй хувийг орон нутагт хуваарилна. 2025 онд орон нутагт 7,282 өрх, Улаанбаатар хотод 6,152 өрх нийт 13,434 орчим өрх орон сууц болон эрчим хүчний хэмнэлттэй амины сууцтай болох боломж бүрдэх юм.Хот хөдөөгийн сэргэлт, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн 3 хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно.
Үүнээс гадна Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдыг төрийн албанд ажилласан жилтэй нь уялдуулан хөнгөлөлттэй зээлд хамрагдах хугацааг нэмэгдүүлэх, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй орлого багатай өрхийг түрээсийн орон сууцаар хангах замаар дөрвөн жилийн хугацаанд 150 мянга гэдэг төлөвлөгөөгөө биелүүлэхээр зорьж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах, амьдрахад таатай орчныг бүрдүүлэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлийг бага, дунд орлоготой иргэдэд чиглүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлнэ. Түүнчлэн, хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц шинээр барьсан тохиолдолд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэгийг олгохоор төлөвлөөд байна.Энд нэмэлт мэдээлэл өгөхөд БНСУ-ын Экзим банкны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа орлогод нийцсэн Солонго-1,2 хорооллын ажил 17 хувьтай явж байна.