bnr-0
Манай улсад цахим худалдан авалт зургаа дахин өсчээ
09 сарын 11, 2024
ХУВААЛЦАХ
  • Далайд гарцгүй Монгол орны хувьд цахим худалдан авалт чанартай барааг, харьцангуй хямд үнээр авах боломжийг хэрэглэгчдэд олгож байна.
  • Монголд 15-50 насныхны 77 хувь нь цахимаар худалдаа хийж үзжээ.

Үндэсний цахим арилжааны зах зээлийн хэмжээг тодорхойлох зорилготой судалгааг түүвэр аргаар хийсэн байна. Санал асуулгад оролцсон бизнес эрхлэгчдийн 53 хувь нь онлайн борлуулалт хийж байгаа, 20 хувь нь онлайнаар худалдан авалт хийдэг гэж хариулсан бол хэрэглэгчдийн 77 хувь нь онлайнаар худалдан авалт хийж байсан, цаашдаа ч хийнэ гэсэн хариулт өгчээ.

Дэлхийн банкны Findex  судалгаанд дурдснаар Монгол Улсад онлайнаар бараа худалдаж авсан 15-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь зургаа дахин өссөн нь Далайд гарцгүй хөгжиж буй орон бусад оронтой харьцуулахад хамгийн өндөр өсөлт гэж онцолжээ. Манай урд хөрш Хятадад төв суурин газрынхны хувьд цахим худалдан авалт хэдийнэ өдөр тутмынх нь байнгын хэрэглээ болсон бол Монголын хэрэглэгчид хил дамнасан худалдан авалтаас дотоодын худалдан авалтыг илүүд үзэх үе шат дээрээ явж байна. Энэ хандлага орон нутагт буюу аймагт илүү ажиглагдаж байна.

Харин Улаанбаатар хотын хэрэглэгчид гадаадын буюу олон улсын худалдааг дотоодынхоос илүүд үзэж, үүнийгээ чанартай барааг хямд үнээр худалдан авах сайн талтай холбон тайлбарлажээ.

Хэрэглэгчийн цахим арилжааны оролцоо Улаанбаатар хотод бусад аймгийг бодвол илүү өргөн хүрээнд, тогтмол өсөх хандлага ажиглагдаж байна. Тэгвэл манайхан цахимаар ихэвчлэн ямар бараа бүтээгдэхүн  захиалж авдаг вэ. Энэ жагсаалтыг бэлэн хувцас, гутал, цүнх, гоо сайхны бараа, хүүхдийн тоглоом, хүнсний бүтээгдэхүүн тэргүүлж байна. Энэ төрлийн цахим худалдааг эмэгтэйчүүд ихэвчлэн хийж, өмнө хэрэглэж үзсэн эсвэл сайн гэсэн мэдээллийг бусдаас аваад захиалсан гэж хариулжээ.  

Судалгаагаар Улаанбаатар хотын болон бусад аймгийн хэрэглэгчдийн бараа захиалга дээр бүтээгдэхүүн сонголтын ялгаатай байдал  ажиглагдсан байна. Тухайлбал, нийслэлээс ирүүлсэн захиалгын дийлэнх хувийг цахилгаан бараа, программ хангамж эзэлж байсан бол бусад аймагт тавилга, эмийн бүтээгдэхүүнийг илүү их захиалсан байх жишээтэй.

Тэгвэл үйлчилгээний талаас нь авч үзвэл онлайн хоол хүнс хүргэлт, дижитал төлбөр тооцоо, галт тэрэг болон автобусны тасалбар, таксины үйлчилгээг ихэвчлэн онлайн захиалгаар авч, үүнийгээ түгжрэлд цаг заваа  үрэхгүй, эдийн засгийн хэмнэлттэй байдаг учраас гэж тайлбарлажээ.

Хэрэглэгчид олон нийтийн сүлжээ, гар утасны хэрэглээний программыг ашиглан эсхүл худалдаа эрхлэгчдийн цахим хуудсаар шууд худалдан авалт хийх хандлага түгээмэл байна. Харин Монголын хэрэглэгчдийг онлайн худалдан авалт хийхэд саад тотгор болж буй гол шалтгааны нэгд онлайн гүйлгээний аюулгүй байдалд итгэлгүй байх, хүлээлтэд нь хүрэхгүй бараа ирэхвий гэсэн айдас, гуравдугаарт олон улсын худалдаа хийхэд олон хоног хүлээдэг байдал гэж нэрлэжээ. Үүнээс гадна цахим залиланд өртсөн тохиолдолд хохирлоо яаж барагдуулах вэ гэдэг хууль эрх зүйн орчны хамгаалалт сул байгаа тул өндөр мөнгөн дүнтэй арилжаа хийхээс татгалздаг гэж судалгаанд хамрагдсан хүмүүс хариулжээ.    

mobile-logo