- Шинэ Засгийн газар бүрдэхийн өмнө “Meta” Трамптай харилцаагаа сайжруулах оролдлого хийж байгаа нь тус компанийн ирээдүйн стратегитай холбоотой бөгөөд хиймэл оюуны салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд төрөөс дэмжлэг авахыг эрмэлзэж буй аж.
- “Meta” компани шинэ бодлогынхоо хүрээнд гуравдагч талын баримт шалгах ажлыг халж, маргаантай сэдвүүд дээрх хязгаарлалтыг зөөлрүүлж, улс төрийн холбогдолтой агуулгыг дахин платформдоо оруулж эхлэхээр болжээ.
- Саяхан тус компани нийт ажиллах хүчнийхээ дөрөвний нэгийг цомхотгох шийдвэр гаргасан төдийгүй “UFC”-ийн гүйцэтгэх захирал, Трампын ойрын холбоотон Дана Уайтыг удирдах зөвлөлдөө элсүүлсэн байна.
“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг контент хяналтын бодлогодоо томоохон өөрчлөлт хийж, хэрэглэгчдэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх илүү өргөн боломж олгохоо мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаад буй. Гэхдээ энэхүү шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг баярлуулах гэсэн оролдлого хэмээн шүүмжлэх хүмүүс олон байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд Трамп “Meta” болон Закербергийг байнга шүүмжилж ирсэн билээ.
2021 оны нэгдүгээр сарын 6-ны Капитолын халдлагын дараа “Meta” компани Трампыг платформоосоо хассан нь хоёр талын харилцааг улам хурцатгаж байв. Харин одоо шинэ Засгийн газар бүрдэхийн өмнө “Meta” Трамптай харилцаагаа сайжруулах оролдлого хийж байгаа нь тус компанийн ирээдүйн стратегитай холбоотой аж. Учир нь “Meta” хиймэл оюуны салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд төрөөс дэмжлэг авахыг эрмэлзэж буй.
“Meta” компани шинэ бодлогынхоо хүрээнд гуравдагч талын баримт шалгах ажлыг халж, маргаантай сэдвүүд дээрх хязгаарлалтыг зөөлрүүлж, улс төрийн холбогдолтой агуулгыг дахин платформдоо оруулж эхлэхээр болжээ. Гэвч энэ шийдвэр нь олон ажилтныг бухимдуулж, үзэн ядалт болон ялгаварлан гадуурхлыг нийгэмд нэмэгдүүлэх вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна.
“Meta” компани хэдийгээр эсэргүүцэлтэй тулгарсан ч зоримог алхмуудаа үргэлжлүүлсээр байна. Саяхан тус компани нийт ажиллах хүчнийхээ дөрөвний нэгийг цомхотгох шийдвэр гаргасан төдийгүй “UFC”-ийн гүйцэтгэх захирал, Трампын ойрын холбоотон Дана Уайтыг удирдах зөвлөлдөө элсүүлжээ. Мөн Бүгд Найрамдах намын төлөөлөл Жоэл Капланыг дээд албан тушаалд томилсон нь “Meta” компани Трамп болон түүний намтай ирээдүйд илүү ойр хамтран ажиллах хүсэлтэй байгааг харуулж байна.
Эдгээр алхам нь “Meta”-д хиймэл оюуны болон технологийн салбарт төрөөс илүү таатай зохицуулалт авахад туслах ч, нөгөө талаар хэрэглэгчид болон ажилтнуудынхаа итгэлийг алдах эрсдэл дагуулж байна. Зарим шүүмжлэгчид “Meta”-г улс төрийн ашиг сонирхолд нийцүүлэн үнэт зүйлсээ өөрчилж байна гэж үзэж, компанийн бодлого сонгууль бүрийн дараа өөрчлөгддөгийг онцолжээ.
Эдгээр шийдвэр нь шүүмжлэгчдийн нүдээр “Meta” Трампын өмнө “бөхөлзөж” буй мэт харагдаж болох ч тус компанийн зүгээс бол бизнесээ хамгаалах стратегийн алхам болж байна.