bnr-0
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 ам.долларт хүргэнэ
10 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
  • “Төсвийн тухай хууль” нь томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн.
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг эхлээд хэлэлцэнэ.
  • Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд голлон анхаарч ажиллана гэж мэдэгдлээ.

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ:  Энэ намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байна.

Учир нь манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлтүүд гарч олон улсын үнэлгээний “Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд хүргэж ахиуллаа. Бүс нутгийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт илүү байж, бидний хийсэн ажил, хүрсэн үр дүн энэхүү зээлжих зэрэглэлд нөлөөлж, орлогоо төрөлжүүлэх боломжийг нээж өглөө.

Хамтарсан засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төсвийн тухай хууль” нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргах, их бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 10,000 ам.долларт хүргэх дунд хугацааны зорилтыг биелүүлэхэд мөн чиглэгдэж байна.   

Иймд, намрын чуулганаар хэлэлцэх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжууд нь ирэх 4 жилийн хөгжлийн ерөнхий хандлага, эдийн засгийн өсөлтийг тодорхойлох тул Улсын Их Хурлын зүгээс Засгийн газраас авч хэрэгжүүлэх мега төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын бодит хүрэх үр дүнг нарийвчлан судалж, өмнөх алдаа сургамжаа эргэн санаж, ирээдүйд болох эрсдэлийг урьдчилан тооцож ул суурьтай хандах шаардлагатай байна гэдгийн онцлон тэмдэглэлээ.

УИХ намрын чуулганы эхэнд:

-         “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-         Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-         Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-         Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.   

mobile-logo