- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины ОХУ-тай хийж буй дайнд үзүүлж буй дэмжлэгийнхээ хариуд Украины ашигт малтмалын 50 хувийг авах саналыг Володимир Зеленскийд хүргүүлжээ.
- Уг саналыг Украины зүгээс няцаасан талаар эх сурвалжууд мэдээллээ.
- Трампын Засаг захиргаа зөвхөн Украины ховор ашигт малтмал буюу титан, литий, уран зэргийг сонирхоод зогсохгүй газрын тос, байгалийн хий зэрэг бусад байгалийн нөөцөд ч хяналт тогтоохыг хүсэж байна хэмээн салбарын шинжээчид үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины ОХУ-тай хийж буй дайнд үзүүлж буй дэмжлэгийнхээ хариуд Украины ашигт малтмалын 50 хувийг авах саналыг Володимир Зеленскийд хүргүүлжээ. Уг саналыг Украины зүгээс няцаасан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Ням гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц өнгөрсөн хугацаанд үзүүлсэн дэмжлэгийн төлөө тодорхой хэмжээгээр нөхөн олговор авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. “Америкийн ард түмэн энэ дайнд оруулсан олон тэрбум долларын хөрөнгө оруулалтынхаа хариуд ямар нэгэн байдлаар нөхөн төлбөр авах эрхтэй” хэмээн тэрбээр онцоллоо.
Трампын Засаг захиргаа зөвхөн Украины ховор ашигт малтмал буюу титан, литий, уран зэргийг сонирхоод зогсохгүй газрын тос, байгалийн хий зэрэг бусад байгалийн нөөцөд ч хяналт тогтоохыг хүсэж байна хэмээн салбарын шинжээчид үзэж байна.
Украины ашигт малтмалын нөөцийг холбоотнуудтай хийж буй хэлэлцээнд ашиглахад бэлэн гэдгээ өмнө нь илэрхийлж байсан Зеленский энэхүү саналыг няцаагаад буй. Учир нь уг гэрээнд Украинд үзүүлэх АНУ-ын аюулгүй байдлын баталгааг тодорхой тусгаагүй байсан аж.