bnr-0
Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж, төмрийн хүдрийн үнэ сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрлээ
10 сарын 01, 2024
ХУВААЛЦАХ
  • Төмрийн хүдэр, зэс, коксжих нүүрсний ханш өсөлттэй байна.
  • Хятадын Гуанжоу, Шэньжэнь, Шанхай гэсэн гурван том хотод орон сууц худалдан авахад өмнө баримталж байсан хязгаарлалтуудаа цуцалжээ.
  • БНХАУ-д гангийн эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт давамгайлж байна.

Даваа гарагт болсон арилжаагаар Хятадын Даляний түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн жишиг үнэ 835 юаньд хүрч, ханш нь өмнөхөөс 9,5 хувиар өсжээ. Сингапурын бирж дээр ч төмрийн хүдрийн фьючерс үнэ 113 ам.долларт хүрсэн байна. 

Энэ өсөлт нь сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт аж. Долоо хоногийн хугацаанд төмрийн хүдрийн арилжаа бараг 10 хувийн өсөлттэй гарсныг эдийн засгийн шинжээчид Хятадад үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гангийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Хятадын төв банкнаас үл хөдлөх хөрөнгийнхөө зах зээлийг дэмжих зорилгоор гаргасан санхүүжилт ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.

Зөвхөн төмрийн хүдэр гэлгүй, сайн чанарын коксжих нүүрс, зэсийн ханш ч энэ өдрүүдэд өсөж, зэс гэхэд л нэг тонн нь 10,000 ам. доллар давсан.Эрчим хүчний хэрэглээ ч дагаад өсөх тул үл хөдлөн хөрөнгийн зах зээлийг хямралаас гаргаснаар бусад салбарт өсөлт гарна гэж тооцож байна. Хятадын Гуанжоу, Шэньжэнь, Шанхай гэсэн гурван том хотод орон сууц худалдан авахад өмнө мөрдөж байсан хязгаарлалтуудаа цуцалжээ. Энэ нь зах зээл дээр бэлэн байгаа орон сууцаа яаралтай борлуулах арга хэмжээ аж.   

mobile-logo