bnr-0
“Хар” ба “Саарал” жагсаалтад Балба, Лаосыг нэмж оруулсан бол Филиппин улсыг хаслаа
03 сарын 24, 2025
ХУВААЛЦАХ
  • ФАФТ-ын "Саарал" болон "Хар жагсаалт"-д ихэвчлэн Африк тивийн орнууд мөн Зүүн Азийн улсууд багтаж байгаа нь анхаарал татаж байна.
  • Өнөөдрийн байдлаар мөнгө угаах болон террорист гэмт хэргийг санхүүжүүлэх эрсдэлтэй орнуудын "Хар жагсаалт"-д 3 улс, "Саарал жагсаалт"-д 25 улсыг оруулжээ.
  • Филиппин улсыг санаачлагатай ажиллаж, дутагдлаа зассан гэж үзэн хассан бол Балба, Лаос улсыг шалгуур үзүүлэлт сул, эрсдэлтэй гэдэг үндэслэлээр "Саарал жагсаалт"-д орууллаа.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын энэ оны эхний чуулга уулзалт Франц Улсын нийслэл Парис хотноо боллоо. Чуулга уулзалтаар 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр голлох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

ФАФТ-ын Саарал болон Хар жагсаалтад ихэвчлэн Африк тивийн орнууд мөн Зүүн Азийн орнууд багтаж байгаа нь анхаарал татаж байна.

Энэ удаагийн чуулга уулзалтаар ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “Саарал” жагсаалтад Бүгд Найрамдах Лаос Ард Улс болон Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсыг оруулсан бол Филиппин Улсыг стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлж, үнэлэхүйц ахиц гаргасан гэж дүгнэн "саарал" жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна.

Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна.

Түүнчлэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Мумбай хотод гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны форум”-ыг зохион байгуулж, санхүүгийн салбар, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, ФАТФ-ын гишүүн орнууд болон бусад оролцогч талуудын төлөөллийг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн ФАТФ-ын эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих хүрээнд энэ сард холбогдох арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд цаашид тус хөтөлбөрийг дэмжих талаар хэлэлцлээ. Мөн хуралдаанаар ФАТФ-ын дэд ерөнхийлөгчөөр Их Британи Улсын Жайлс Томссоныг сонгосон байна.  

mobile-logo