- Трамп Хятадаас АНУ-д нийлүүлж буй бүх бараанд 10%-ийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр 60 хүртэлх хувийн татвар ногдуулахаа амласан.
- Арваннэгдүгээр сарын 5-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш юанийн ханш 2 хувиар буурч, ам.долларын эсрэг 7.25 болжээ.
- Гэсэн хэдий ч АНУ бодлогын хүүгээ бууруулж, Скотт Бессентийг АНУ-ын Сангийн сайдаар томилох нь худалдааны хурцадмал байдлыг намжааж, юанийн ханшийг тогтворжуулна гэж шинжээчид найдаж байгаа аж.

БНХАУ юанийн ханшийн сулралтай тэмцсээр байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын санаачилсан гаалийн өндөр татварын нөлөөгөөр юанийн ханшийг түүхэн доод түвшинд хүртэл буурна хэмээн таамаглаж байна. Тодруулбал, 2025 он гэхэд юанийн 1 ам.доллартай тэнцэх ханш нь 7.51 хүртэл суларч магадгүй гэж шинжээчид тооцоолжээ. Энэ нь 2004 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болох юм.
Трамп Хятадаас АНУ-д нийлүүлж буй бүх бараанд 10%-ийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр 60 хүртэлх хувийн татвар ногдуулахаа амласан билээ. Энэ нь ам.долларын ханшийг чангатгаж байгаа бол эсрэгээрээ Хятад зэрэг худалдааны гол түнш орнуудын валютыг сулруулж болзошгүй аж.
Арваннэгдүгээр сарын 5-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш юанийн ханш 2 хувиар буурч, ам.долларын эсрэг 7.25 болжээ. Шинжээчид хэрэв Трамп 60 хувийн татвар ногдуулах бодлогоо хэрэгжүүлбэл ам.долларын эсрэг юань 8.42 болтлоо суларч магадгүйг анхааруулж байна.
2018 онд Трампын хэрэгжүүлсэн гаалийн татварын бодлогын улмаас юань 5 хувиар, 2019 онд дахин 1.5 хувиар буурч байжээ. Хятад улс дотоодын юанийн ханшийг хатуу хянадаг ч, оффшор зах зээлд ханш нь чөлөөтэй хэлбэлздэг. Хятадын Төв банк (PBOC) энэ жил юанийн ханшийг тогтвортой хадгалж, өдрийн ханшийг 7.20 дээр барьж байгаа юм.
Гэсэн хэдий ч АНУ бодлогын хүүгээ бууруулж, Скотт Бессентийг АНУ-ын Сангийн сайдаар томилох нь худалдааны хурцадмал байдлыг намжааж, юанийн ханшийг тогтворжуулна гэж шинжээчид найдаж байгаа аж.