Орчин үед мессеж бичих, дуу хоолойгоор мэссеж илгээх зэрэг харилцааны арга хэрэгсэл түгээмэл болсон ч үүний хажуугаар Z үеийнхэн уламжлалт утсаар ярих дадлыг мартаж байна. "Телефобиа" хэмээх нэршил нь утсаар ярих, дуудлага хүлээн авахаас айх айдсыг илэрхийлэх болсон бөгөөд энэ үзэгдэл улам бүр газар авч байна. Үүнийг даван туулахын тулд зарим сургуулиуд тусгай сургалт санал болгож эхэлжээ.
Телефобиа хурдацтай нэмэгдэж байна
Их Британийн Ноттингэм коллежийн мэргэжил сонголтын зөвлөх Лиз Бакстерийн хэлснээр, телефобиа нь харьцангуй шинэ үзэгдэл бөгөөд Z үеийнхэн буюу 1997-2012 оны хооронд төрөгсөд энэ асуудалтай илүү их тулгарч байна.
“Тэд утсаар ярих, дуудлага хүлээн авах туршлага бага. Орчин үед гар утас олон үйлдэл гүйцэтгэх боломжтой болсон тул бид ихэвчлэн мессеж бичих гэх мэт аргуудыг ашиглаж байна. Үүний улмаас хүмүүс утсаар ярих ур чадвараа алдаж байна” гэж Бакстер тайлбарлав.
Энэ байдал нь ажилд орох гэж буй залууст томоохон бэрхшээл учруулж байгаа аж. Тухайлбал, ажилд орохоор өргөдөл гаргахдаа эхний шатанд утсаар ярилцлага өгөх шаардлагатай болдог ч олон залуус үүнийг давж чадахгүй байна.
“Нэг ангид 25-30 сурагч байдаг гэж тооцоход, дор хаяж гуравны хоёр нь утсаар ярихдаа айдастай байдаг” гэж тэр хэлэв.
Телефобиа сургалтууд шийдэл болж байна
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ноттингэм коллежийн багш нар сурагчдад утсаар ярих чадвараа хөгжүүлэх тусгай сургалт санал болгож эхэлжээ.
Ийм сургалтанд өдөр тутмын нөхцөл байдалд тохирсон дасгалууд багтдаг. Жишээлбэл, эмчийн цаг авах, ажилдаа ирэх боломжгүйгээ мэдэгдэх зэрэг харилцааны энгийн дадлыг эзэмшүүлэх зорилготой. Сурагчид бие биенийхээ өөдөөс харалгүйгээр, зөвхөн дуу хоолойгоор харилцах дасгал хийж, бодит нөхцөл байдлыг дуурайдаг байна. Бакстерийн хэлснээр, нэг хичээлд суухад л сурагчдын итгэл нэмэгдэж, айдас багасдаг байна.
Цар тахал ба дижитал соёлын нөлөө
Бакстерийн үзэж байгаагаар, COVID-19 цар тахлын үед олон залуус нийгмийн өдөр тутмын харилцаанаас тусгаарлагдсан нь утсаар ярих чадварт сөргөөр нөлөөлжээ. “Хоёр жилийн турш нийгмийн харилцаанаас хоцорсон нь тэдний өөрийгөө илэрхийлэх, олон нийтийн орчинд байх мэдрэмжийг сулруулсан” гэж тэр онцлов.
2024 онд хийгдсэн Uswitch судалгаагаар Их Британийн 2000 насанд хүрэгчдийг хамруулан судлахад, 18-34 насныхны 25% нь утсаар ярихгүй байхыг илүүд үздэг болох нь тогтоогджээ. Мөн 61% нь мессежээр харилцахыг илүүд үздэг байна. Түүнчлэн, 18-24 насныхны талаас илүү хувь нь гэнэтийн дуудлага нь ихэвчлэн муу мэдээ байдаг гэж боддог аж.
Залуусын хувьд дүрсгүй харилцаа нь илүү их дарамт болдог. Ихэнх нь Microsoft Teams зэрэг видео дуудлагын платформоор харилцахыг илүүд үздэг нь харилцагчийн нүүрний хувирал, хариу үйлдлийг унших боломжтой байдагтай холбоотой. Харин утасны дуудлагад ийм боломж байхгүй тул шүүмжлэгдэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Утсаар ярих айдсыг хэрхэн даван туулах вэ?
Бакстер сурагчдад утсаар ярих айдсаа даван туулахад туслах хэд хэдэн зөвлөгөө өгдөг. Юуны өмнө бэлтгэл сайтай байх нь гол түлхүүр гэнэ.
“Утсаар ярихдаа та жижиг хуудсан дээр санамж бичиж, хэрэгтэй зүйлсээ тэмдэглэх боломжтой. Энэ нь таныг сандарсан үед зөв хариулт өгөхөд тусална” гэж тэр зөвлөв. Мөн утасны дуудлага хийхээсээ өмнө тайван орчин бүрдүүлэх, шаардлагатай бол амьсгалын дасгал хийх нь үр дүнтэй арга гэдгийг онцолж байна.
Бакстерийн багшилдаг сургалтад сурагчдад “Утсаар ярих нь аюултай зүйл биш бөгөөд танд бүхнийг хянах боломж бий. Хэрэв та хүсэхгүй байгаа бол дуудлагаа таслах эрхтэй.” гэдгийг байнга сануулдаг ажээ.
Ийнхүү телефобиа сургалтаар дамжуулан залуус утсаар ярих чадвараа сэргээж, харилцааны чухал ур чадвараа хөгжүүлэх боломжтой болж байна