- Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай.
- УИХ дахь МАН –ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барисан Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүд нь 100 хувийн саналаар дэмжсэн байна.
- Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг хуваарьтай.
УИХ дахь МАН –ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барисан Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүд нь 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Засгийн газраас энэ хэлэлцээрийн төслийг УИХ-аар соёрхон батлуулахаар гуравдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болно. Төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ. Монгол Улсын нийт хүн амын орлогын албан татварын дүнгээс хоёр дахин их хэмжээний нэмэлт орлого олно. Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн Монголбанкны мөнгөний бодлогын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга мэдээлэлтэй танилцаж, асуулт асууж хариулт авчээ.
Тухайлбал, төгрөгийн ам доллартай харьцах захын ханш 3499 төгрөгт хүрлээ. Инфляц өсөж байна. Өр, орлогын харьцааг 50:50 болгон чангаруулах болсон шалтгаан, бодлогын хүүг яагаад хэвээр үлдээв, алтны нөөц, гадаад валютын нөөц гээд эдийн засгийн асуудлаар хариулт авчээ.