bnr-0
16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг манай тал өргөн, Хятадын тал нарийн царигаараа холбоно
11 сарын 06, 2024
ХУВААЛЦАХ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж байгаа айлчлалын үеэр найман баримт бичигт гарын үсэг зурлаа.
  • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.
  • Монгол Улс болон БНХАУ-ын хоорондох худалдааны бараа эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад буй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов. Үүнд:

1.    “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

2.    Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

3.    Ерөнхийлөгч нарын нэрэмжит спорт цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх солилцох захидал,

4.    Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,

5.    Монгол Улсын стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг,

6.    Монгол Улсын Монополын эсрэг газар болон БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хооронд өрсөлдөөний салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг,

7.    Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол,

8.    “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг болно.

 

 Энэ оны дөрөвдүгээр сарын хоёронд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.  

mobile-logo